М.Мамиашвили ОСБХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ

Оросын спортын бөхийн холбооны тайлан-сонгуулийн хурал Оросын олимпийн хорооны байранд болж 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцож өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг сайшаажээ. Хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубийн тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.

Хурлаар олимпийн аварга, 1997 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээр ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байжээ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ.

М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа талархлаа илэрхийлж үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм.” гэжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ