“Голден гран-при” тэмцээнд манай 11 бөх уригджээ
Энэ оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.
10 дахь удаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 7, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 11 бөх уригджээ. Тухайлбал, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд С.Батболд, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 65 кг-ын жинд Б.Батмагнай, 70 кг-ын жинд Б.Батзориг, 86-ын жинд О.Үйтүмэн, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд Н.Золбоо, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд Э.Гантуяа, 60 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд З.Болортунгалаг нар уригдсан байна.
Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.
Тус тэмцээний шагналын сан энэ жил өмнөх жилүүдийнхээс хоёр дахин багасчээ. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгоно.
Энэ сарын 24-ний өдөр эрэгтэй чөлөөт бөх, 25-ны өдөр сонгомол барилдаан, 26-ны өдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болно.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ