Д.Түмэнбаяр: Монгол шүүгчид олон улсад өндрөөр үнэлэгддэг

Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй шилдэг дөрвөн шүүгч энэ сарын зургааны өдөр эхэлсэн “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ны тоглолтуудыг шүүхээр Хонг Конг улсыг зорьсон. Тэмцээний эхний өдөр болсон Хонг Конг, Гуамын тоглолтын туслах хоёрдугаар шүүгчээр Ч.Жавхлантөгс, дөрөвдүгээр шүүгчээр Д.Түмэнбаяр ажилласан бол өнөөдөр 17:00 цагаас тоглох Умард Солонгос, Гуамын тоглолтын талбайд Б.Хаш-Эрдэнэ, туслах нэгдүгээр шүүгчээр Э.Ариунболд томилогдсон. Ингээд та бүхэнд эдгээр дөрвөн шүүгч болон МХБХ-ны нийт шүүгч нарын талаар, шүүгч Д.Түмэнбаяраас ярилцлага авлаа.

-Монголоос анх удаа Азийн том тэмцээнд бүтэн багаараа ажиллаж байгаа эдгээр шүүгчдийн талаар товч танилцуулна уу.?

-МХБХ-ны тэмцээн уралдаануудыг хамгийн олон жил шүүсэн нэгдүгээр зэрэглэлтэй, ОУ-д данстай шилдэг дөрвөн шүүгч Хонг Конг улсад зохиогдож байгаа “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ы тоглолтуудыг шүүн явуулж байна. ОУ-ын хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг шүүн явуулах эрхтэй Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс, Э.Ариунболд гэсэн шилдэг шүүгчдийн бүрэлдэхүүн анх удаа хамтдаа Азийн тэмцээн дээр ажиллаж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн “Техникийн хэлтэс”-ийн ахлах ажилтан С.Жаргал бидэнтэй хамт Зүүн ААШТ-ий хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулж байна.

-Эдгээр дөрвөн шүүгч Монголын Хөлбөмбөгийн Холбооны нүүр царай, нэр хүндийн түүчээ болж явдаг. Хэдий хугацаанд шүүгчээр ажилласан хүмүүс ийм чадварлаг болж хөгжсөн бэ?

-Миний бие 12 жил шүүгчээр ажиллаж байгаа бол нөгөө гурав маань найман жил МХБХ-нд шүүгчээр ажиллаж байгаа “I зэрэг”-тэй шүүгч нар юм. Тэд ийм өндөр түвшний шүүгчид болохын тулд бусдын адил бүхнийг оргүй хоосноос эхэлж, маш олон сургалт, тэмцээний ард гарсны хүчинд өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ бид ингээд болчихсон гэсэн үг биш. Ерөөс шүүгч хүн өөрийн ажлын замналаа дуусан дуустал суралцаж байдаг учраас улам хичээж байгаа.

-Чадварлаг шүүгч болоход цаг хугацаа хэрэгтэйгээс гадна мэргэжлийн сургагч багш, зааварлагч нар чухал байх.

-Тэгэлгүй яахав. Бидэнд гадны улсуудаас сурч мэдэх зүйл их байдаг. Тийм учраас шүүгч болон сургагч багш нарыг олон улсын сургалтуудад хамруулдаг. Энэ дашрамд шүүгчдээ хөгжүүлж, олон улсын тавцанд гаргах, таниулах бодлого баримтлан ажиллаж буй МХБХ-ны Ерөнхийлөгчид баярлалаа.

-Олон улсын шүүгч болоход ямар шаардлага тавигддаг вэ? Тэр шалгаруулалтад манай шүүгчид хэрхэн тэнцсэн бэ?

-Азийн хөлбөмбөгийн Холбооноос талбайн шүүгчдийн дунд явагддаг. Хэрэв манай уншигчид санаж байгаа бол 2015 оны зун олон улсын шүүгчид биднийг ирж шалгасан. Тийм шалгаруулалтын дараагаар талбайн шүүгчийг дуудахад туслах шүүгч дагж явдаг.

-Монгол шүүгчид олон улсын тавцанд ур чадвар, мэдлэгээрээ хэрхэн үнэлэгддэг вэ?

-Манайхан дотроо шүүгчдийн хэтэрхий дутуу үнэлдэг. Гэвч манай шүүгчид олон улсад маш өндөр үнэлэгддэг. Өнгөрсөн долоо дугаар сард Малайз улсад Азийн 20 улсын дундах шүүгчийн сургалтад оролцож, долоон шалгалт өгөхөд бид эхний дөрөвт жагссан. Үүнээс манай шүүгчид ямар чадварлаг вэ гэдгийг харж болно. Тэрнээс өмнө Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар Зүүн ААШТ-ны анхан шатны тоглолтуудыг шүүн явуулж маш өндөр үнэлэгдсэн учраас одоо хоёрдугаар шатыг шүүн явуулах эрхтэй болсон.Энэ дашрамд МХБХ-ны гадаад харилцааны хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Та бүгд сайн ажиллаж байгаа учраас олон Монгол шүүгчид гадаад улсууд руу явж туршлага сольж чадаж байна.

-Монгол шүүгчдийг хэрхэн сургавал цааш хурдан хөгжиж болох вэ.?

-Үүнээс өмнө нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Би наймдугаар сард залуу шүүгчдтэйгээ хамт Япон улсад 14 хоног туршлага солих журмаар ажиллаж байгаад ирсэн. Тэгэхэд Японы хамгийн алдартай шүүгч болох Юүчи Нишимура (Бразил 2014 тэмцээний нээлийн тоглолтыг шүүсэн.) бидэнд нэг зүйлийг хэлсэн. Тэр юу вэ гэвэл хөлбөмбөгийн хөгжилд ганц тоглогч, дасгалжуулагч, шүүгчдийн чадвараас биш тэдний хоорондын эерэг харилцаанаас хамаардаг. Японы хөлбөмбөг 30 жилийн өмнө яг манайх шиг байсан. Хожигдсон баг ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй шүүгчид рүү дайралт хийдэг байсан тул тухайн үед шүүгч хийх хүн олддоггүй байв.Шүүгчийн ажлыг амжилттай явуулахад, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд дан ганц холбооны үй ажиллагаа, шүүгчдийн хичээл зүтгэл бус тоглогч дасгалжуулагчид тэдний ажлыг ойлгохоос их зүйл шалтгаалдгийг бидэнд хэлсэн.

-Тэгвэл өнөөгийн Могнгол шүүгчдийн талаар...

-Манай шүүгчдийн дундаж нас дөнгөж 21. Эдгээр залуусыг маш том ирээдүй хүлээж байгаа нь давуу тал боловч туршлага багатай гэдгээрээ сул тал болдог. Харин туршлага гэдэг цаг хугацаа шаардана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгож харсан МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт баярлаж явдгаа дахин дамжуулъя. Ерөнхийлөгч өөрийн мөрийн хөтөлбөртөө шүүгчийн хөгжлийг тусгаж, Монгол шүүгчдийг олон улсын тавцанд гаргах зорилго тавьсан нь бидний ирээдүйг гэрэлтэй болгож байгаа. Азийн улсуудад болдог фестиваль, сургалтад Монгол шүүгчид идэвхтэй оролцохоос гадна ОХУ, Япон, Унгарын хөлбөмбөгийн холбооны шүүгчидтэй туршлага солилцож хамтран ажиллахаар болоод байгаа.

-Ер нь МХБХ шилдэг сайн шүүгчдийг хэдий хугацаанд бэлтгэдэг вэ?

-Лигийн түвшний шүүгчийг бэлдэхэд 3-4 жил шаардлагатай байдаг. Гэвч энэ нь манайд тун хэцүү хугацаа. Шүүгч болохоор ажиллаж байгаа тэд хэтэрхий дарамттай ажилладаг учраас шантардаг. Тоглогчид хичнээн муу тоглож, хоосон хаалганд гоол хийж чадаагүйгээ санахын оронд шүүгчийн буруутай үйлдлээс болж хожигдсон юм шиг авирлах нь байж боломгүй зүйл. Тэдгээр шүүгч болох хүсэлтэй хүмүүст буруу өгдөг нь бидний шүүгч бэлтгэж, тэдгээрийн тоог нэмэхэд саад болдог. Тоглогчид дуртай зүйлээсээ кайф мэдэрдэг бол шүүгчид эсэргүүцэлтэй тулгарч дарамтлуулаад байхаар тэр ажлыг хийх хүсэлгүй болоод яваад өгдөг. Гэхдээ сүүлийн хэдэн жил гайгүй болж байгаа. Бидний ажлыг ойлгож, хүндэлж харьцдаг зарим дасгалжуулагч, тоглогчдод маш их баярладаг.

-Хөлбөмбөгт сонирхолтой залуусыг шүүгч бол гэж уриал гэвэл та юу гэх вэ?

-Шүүгч бол маш боломжтой мэргэшил. Гэхдээ энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь тухайн хүнээс шууд хамаарна. Манай Монголын сургагч багш нар эхний тавд жагсдаг түүнээс гадна манай сургагч багш нар өөрсдөө тэмцээн шүүдэг учраас давуу талтай тийм учраас шүүгч нарт системтэй сургалт ордог. Тийм болохоор мэдэхгүй гэж айх хэрэггүй. Бид А-Я хүртэл бүгдийг зааж тив дэлхийн шилдэг шүүгч болгохыг зорино.

-Шүүгч гэдэг маш том хариуцлагатай ажил. Шүүгч болсноор ямар ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

-Хүмүүс тоглогчдод арга хэмжээ аваад шүүгч нарт авдаггүй гэж их ярьдаг. Энэ нь тийм биш. Шүүгч нарт адилхан арга хэмжээ авдаг. Онцлог нь АХБХ, ОУХБХ шүүгчдийнхээ алдааг огт зарлаж, олон нийтэд мэдээлдэггүй. Зун болсон “ЕВРО 2016” тэмцээнд Хорват, Испанийг 2:1-ээр хожиход шүүгчдийн баг маш том алдаа гаргасан. Тэр шүүгч шийтгүүлсэн боловч ОУХБХ шийтгэлийг зарлаагүй. Яг түүнтэй адил МХБХ-ны шүүгчид алдаа гаргаад цалин, томилгоо, зэргэлэл, эрхээрээ шийтгүүлдэг. Үүнийг зарладаггүй нь л тоглогчдынхоос ялгаатай. Энэ зун МХБХ-ны гурван шүүгч зэрэглэл буурч, тодорхой хугацаагаар шүүх эрхээ хасуулсан. Би ч мөн адил “Хүрхрээ” үндэсний дээд лиг дээр буруу шийдвэр гаргасныхаа төлөө найман тоглолт шүүхгүй байх шийтгэл хүлээсэн. Тийм болохоор хүмүүс шүүгчдийг шийтгүүлэхгүй зүгээр яваад байдаг гэж ойлгож болохгүй.

-За ингээд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Томилогдсон тэмцээнээ амжилттай шүүгээд ирээрэй.

-Бидний ажлын үр дүн ямар байхаас АХБХ, ОУХБХ манай улсын хөлбөмбөгийн хөгжлийг дүгнэнэ. Тийм болохоор дан ганц тоглолтоо сайн шүүхийг зорих биш улсынхаа нэрийг өндөр өргөхийг хичээж ажиллаж байна. Тун удахгүй сайн мэдээтэй эх орондоо буцна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ