Монголын Оюун Ухааны Академийн тамирчдын буухиа үргэлжилсээр..

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний өдрийн тэмцээн өндөрлөлөө. 3 өдөр үргэлжлэх тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.

Өнөөдрийн сүүлийн төрөл болох 1 цагийн "Тооны Марафон" төрөлд 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав хэдхэн цифрийн зөрүүгээр алтан медалийн оосроос атгаад алдлаа. Э.Пүрэвжав 1 цагт 2950 цифр тогтоон алдаагүй саналаа. Гэхдээ дэлхийн #2, #3-уудыг ардаа орхиж оюуны олимпийн мөнгөн медалийн болзлыг хангалаа. Тэмцээний 3 цаг буюу хамгийн удаан үргэлжилдэг энэ төрөл анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаарддаг юм.

Тооны марафон төрөлд:

1-р байр: Дэлхийн #1, Алекс Мюллин (Америк) - 3115 цифр
2-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 2950 цифр
3-р байр: Дэлхийн #4, Саймон Раянхард (Герман) - 2276 цифр

Мөн энэ төрөлд Н.Намуундарь (12 нас) дэлхийн шилдгүүд, насанд хүрэгчдийг ардаа орхиж 8-р байрт, Б.Хангал (11 нас) 9-р байрт орлоо.

Тэмцээний дүрэм: 1 цагийн хугацаанд нэг эгнээндээ 40 дурын цифр бүхий аль болох олон мөр цифр тогтоон 2 цагийн хугацаанд цээжилсэн бүх цифрийг алдаагүй санах;
Оноо дүгнэх: Эргэн санахдаа нэг эгнээндээ нэг л цифр алдахад тал оноо буюу 20 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад оноо авахгүй буюу 0 оноо.

Амжилттай оролцож байгаа бүх тамирчиддаа дахин баяр хүргэе!

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ