Э.Соднопилжээд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа

“Рио 2016” зуны паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн билээ.

Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, Риогийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан Э.Содномпилжээгийн амжилтыг хараахан үнэлээгүй байсан юм. Харин байртай болгох ард түмний аян эхлээд удаагүй байтал “Энсада холдинг” хэмээх хөдөө аж ахуйн компани хоёр өрөө байр бэлэглэхээр болсон юм.

Мөн Орхон аймгийн удирдлагууд Э.Содномпилжээг өчигдөр хүлээн авч уулзахдаа Эрдэнэт хотын хүндэт иргэн болгож, нэг өрөө байр, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болов. Өнөөдөр “Энсада Холдинг” ХХК паралимпийн хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээг хүлээн авч хоёр өрөө байрных нь түлхүүрийг гардууллаа.

Байрных нь түлхүүрийг гардуулж өгөх үеэр “Энсада Холдинг” ХХК-ийн захирал Ө.Болдсайхан “Хүн төрөлхтний спортын их наадмаас хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээдээ баяр хүргэе. Э.Содномпилжээ маань Монголын хүүхэд, залуус, хойч үед маш том урам, сэтгэлийн хат хайрласан. Хүн хичээвэл юунд ч хүрч болдгийг харуулж чадсан гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн нийгмийн сүлжээгээр аян өрнүүлэн, сэтгэлээсээ ажилласан Г.Дамбадаржаа тэргүүтэй залуустаа баяр хүргэе. Энэхүү байр бол манай компанийн 200 гаруй ажилчдын сэтгэл зүрх шингэсэн өглөг юм шүү” гэв.

Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Содномпилжээ “Намайг урам сэтгэлээр дэмжсэнд та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сайхан сэтгэлийг тань амжилтаараа хариулах болно. Миний хувьд 2020 оны олимпод алтан медаль авч дэлхийн болон олимпийн рекордыг эвдэх хүсэлтэй байгаа” гэлээ.

Мөн ирэх 2020 оны Токиогийн паралимпид алтан медаль хүртвэл талбай томтой, гурван өрөө байр бэлэглэнэ гэдгээ Ө.Болдсайхан амласан юм.

“Рио 2016” наадмаас медаль хүртсэн бусад гурван тамирчинд хувь хүн болон албан байгууллага, нутгийн зөвлөлөөс нь тус бүр байр бэлэглэж урамшуулаад байсан бол ийнхүү Э.Содномпэлжээг ард түмний төлөөллөөс шагналаа.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ