Манай шигшээ, Мануэль Пеллегринигийн багтай тоглолоо

Ирэх сарын 02-11-ний хооронд Малайз улсад зохиогдох “AFC Solidaritycup” тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг урд хөршийн Шинхуандао хотод бэлтгэлээ базаасаар байна.

Эх орноосоо өнгөрөгч ням гаригт мордсон “Талын хөх чононууд” өнөөдөр Хятадын хамгийн алдартай таван клубын нэг “Hebei China Fortune F.C” багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэ тоглолтод манай шигшээ баг 2:0-ээр хожигдсон ч “үр дүн бус багийн тоглолт, тамирчдын ойлголцол дээр анхаарч бүрэлдэхүүнээ гаргасан” гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Тэд дараагийн нөхөрсөг тоглолтоо 28-нд Тианжин мужийн шигшээ багтай хийх хуваарьтай байна. Энэхүү тоглолтыг “Hebei China Fortune F.C” клубын ахлах дасгалжуулагч Испани мэргэжилтэн Мануэль Пеллегрини өөрийн биеэр үзэж сонирхосон байна. Тэрбээр Испанийн алдарт “Реал Мадрид” болон “Вильяреал”, “Малага”, Английн аварга “Манчестер сити”, Аргентинийн “Ривер Плате” гэх мэт томоохон клубуудыг удирдаж явсан бөгөөд энэ жилээс Хятадын багтай гэрээ хийсэн. Урд хөршийн хөлбөмбөгт хамгийн их хөрөнгө зарцуулж буй багуудын нэг болох “Hebei China Fortune F.C” нь сүүлийн жилүүдэд Европын топ лигүүдэд тоглож байсан Жервинио, Степан М’биа зэрэг чадварлаг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа хүчирхэг клуб билээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ