“Хангарьд” “Холбооны цом”-д найм дахиа аваргаллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн өндөр чансаатай тэмцээнүүдийн нэг болох “Холбооны цом”-ын өнөө жилийн аваргыг тодруулах тоглолт өчигдөр 17:00 цагаас боллоо.

Тус тэмцээний шигшээд 13 дахь удаагаа үлдсэн Орхон аймгийн “Хангарьд” клуб анх удаа финалд шалгарсан “Дэрэн”-тэй тунаж үлдээд байсан. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн мөнгөн медальт “Хангарьд”-ын Орос легионерь хамгаалагч А.Ю.Полоротов 25 дахь минутад чөлөөт цохилтоос гоолын салхийг хагалсан. Харину даах гоолыг ахмад тоглогчдын нэг Д.Энхтөр 39 дэх минутад Серби хаалгач Маринковичийг давуулж цохин оруулсан. Тэдний хоёр гоолоор эхний хагас өндөрлөсөн бол шийдвэрлэх үед “Дэрэн” үр дүнг өөрчлөхийн тулд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. Гэхдээ “Хангарьд” хоёр гоолын зөрүүгээр бат хамгаалж чадсан төдийгүй 89 дэх минутад О.Мижиддоржийн гоолоор тоог 3:0 болгон холдуулсан. Тийнхүү өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авсан “Эрдэнэт”-ийн хөвгүүд “Холбооны цом”-ын 13 дахь шигшээ тоглолтоосоо найм дахь түрүүгээ авлаа.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ