"Хүрхрээ" дээд лигийн шилдгүүд тодорлоо
Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг өнөөдөр хаалтаа хийлээ.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогчид өрсөлдсөн нь дээд лигийн түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд байр бүр шагналтай гэдгээрээ бүр ч онцлогтой жил байлаа. МХБХ, албан ёсны алтан түнш “Арвайн Үндэс” компани, “Хүрхрээ” брэндтэй байгуулсан хамтын ажиллагаа нь олон мянган хөлбөмбөгчдөд бодитоор нөлөөлж, Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.
Өнгөрсөн жилээс үндэсний дээд лигээ “Хүрхрээ” хэмээн нэрийдсэнээс хойш “Эрчим” клуб дарааллан аваргалж, мөнгөн медалийн оосороос “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” клуб бат атгасан. Харин тодорхой болоогүй байсан гуравдугаар байрыг “УБ Унаганууд”, “Хоромхон” багууд булаалдахад “УБ Унаганууд” шаардлагатай байсан хоёр гоолын зөрүүгээр хожиж чадалгүй, хоорондын тоглолтоор ялагдсанаар “Хоромхон” 20 сая төгрөгийн үнэтэй хүрэл медалийг хүртлээ. “Хоромхон” багаас 20 сая төгрөгийн үнэ цэнэтэй гоолыг баруун жигүүрийн хамнгаалагч О.Оюунбаатар 82 дахь минутад оруулсан.
Шилдэгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Ариунболд (Эрчим), хамгаалагчаар Д.Төрбат (Хоромхон), хагас хамгаалагчаар М.Төгөлдөр (Эрчим), довтлогчоор О.Мижиддорж, шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ нар шалгарсан. Мөн “Улаанбаатар сити” багийн эзэн багийнхаа шилдэг тоглогч М.Алтанхүүд суудлын авто машин, таван сая төгрөгийн хамт гардуулсан нь хаалтын үйл ажиллагааны онцлох үйл явдалуудын нэг байлаа.
Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хамгийн цэвэр тоглолттой багт гардуулах болсон “Шударга тоглолт”-ын эрхийн бичгийг 18 тойрогт хамгийн бага шар, улаан хуудас авсан “Улаанбаатар” клубын залуус хүртлээ. Мөн “МИАТ” ХК-ын хамт олны дэмжлэгтэйгээр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нэг азтай үзэгч Германы алдарт клуб “Борусиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрхтэй болсон юм. Тэрхүү азтаныг өнөөдрийн үйл ажиллагааны үеэр тодруулахад “00005095” дугаартай тасалбарын эзэн (МХБХ байранд ирж эрхийн бичгээ авна уу) тодорлоо.
Ингээд бүтэн зургаан сарын турш 18 тойргийн 96 тоглолт явагдаж өнөөдөр ийнхүү өндөрлөлөө.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ