“Хорин сая төгрөг”-ийн үнэтэй 90 минут

Монгол улсын нутаг дэвсгэр дээр зохиогдож буй бүхийл спортын уралдаан тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн сүүлийн тойрог бид бүхний ирлээ.

Бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн дээд зэрэглэлийн хөлбөмбөгчдийн тэмцэлд “Эрчим” клуб 16 тойргийн дараа түрүүлэх болзол хангасан. Үндэсний дээд лигийн цомыг 10 дахь удаагаа өргөх болсон тэдний араас Орхон аймгийн нэр төрийг хамгаалагч “Хангарьд” орж мөнгөн медалийн оосороос бат атгаад байгаа. Харин хүрэл медалийн эзэн сүүлчийн тойргийн, сүүлчийн тоглолт дууссаны дараа тодорхой болно. Гуравдугаар байрт орж хорин сая төгрөгийн төлөө спортын шударга өрсөлдөөнийг үзүүлэх багууд бол “Улаанбаатарын Унаганууд”, “Хоромхон” гэсэн үндэсний дээд лигийн хатуу самарууд билээ.

Багууд 2010 оноос хойш үндэсний дээд лигийн хүрээнд 12 удаа учраа таарахад бие биенээ тус бүр тав хожиж, хоёрт нь тэнцсэн. Гэхдээ “Улаанбаатар дээд сургууль”-ийн баг нэрээ шинэчилж “Улаанбаатарын Унаганууд” болсоноос хойш гурван тоглолт хийхдээ нэг ч хожоогүй (2 хожигдол, 1 тэнцээ) аж. С.Эрдэнэ-Очирын залуус энэ сөрөг үзүүлэлтээ мартах нэг шалтгаан байгаа нь “Хоромхон”-ы гарааны тоглогчид болох хамгаалагч Ц.Мөнгөншагай, Нигер довтлогч Майкл Адэеэмо нар 18 дугаар тойргийг хуудасны улмаас өнжиж байгаа явдал юм. Хамгаалагч Ц.Мөнгөншагайг гараанд гарч тоглоогүй гурван тоглолтын хоёрт нь “Хоромхон” хожигдсон бол Адэеэмог гараанд гарсан 13 тоглолтын гуравт нь хожигдожээ.

Одоогийн байдлаар 29 оноотой дөрөвдүгээр байрт байрлаж байгаа “УБ Унаганууд” дээд лигийн медалийн тавцанд гарахын тулд “Хоромхон”-ыг гурван гоолын зөрүүгээр хожих даалгавартай талбайд гарна. Харин энэ жилийн эхний тоглолтодоо 3:1-ээр илүүрхсэн “Хоромхон” “УБ Унаганууд”-тай тэнцэхэд л хүрэл медаль хүртэж, 20 сая төгрөгийг халааслах болно. Хэдий байр бүхэн мөнгөн шагналтай ч гуравдугаар байрын 20 сая төгрөгийг хүрэл медалийн хамт эзэмших нь нэр төрийн хэрэг. Бүтэн жилийн хөдөлмөрөө 90 минутад тайлагнах хүчирхэг багуудын гал гарсан тулааны нэгээхэн хэсэг болохыг хүсвэл ням гаригийн 16:00 цагт МХБХ-ны ногоон талбайг зорихыг урьж байна.

/“УБ Унаганууд” – “Хоромхон” Ням гариг 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд/

“Атлетик 220” хоёр гоолын зөрүүгээ хамгаалж чадсангүй

“Холбооны цом”-ын дөрөвний нэгийн сүүлийн тоглолт явагдлаа.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн мөнгөн медалийн болзол хангасан Орхон аймгийн “Хангарьд”, доод лигийн мөнгөн медалийг хүртсэн “Атлетик 220” багуудын тоглолт сүр дуулиантай эхэлсэн. Үндсэн цаг эхэлсэнээс хойш ердөө долоон минутын дараа “Атлетик 220” багийн довтлогч Г.Нямаа тоог нээсэн. Түүгээр ч зогсохгүй 13 минутад “Хангарьд”-ын хамгаалалтын алдааг ашиглан тооны харьцааг 2:0 болгосон. Зочин багаас легионеоь тоглогч А.Ю.Полоротов булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, тоог ойртуулсан ч эхний үе 2:1-ээр өдөрлөлөө.

“Атлетик 220” энэ үр дүнгээ дахин 45 минут хадгалаж чадах юм бол “Холбооны цом”-ын хагас шигшээд үлдсэн доод лигийн цор ганц баг болох байлаа. Гэвч тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй Ц.Мөнх-Эрдэнэ 68 дахь минутад торгуулийн цохилтоор тоог тэнцүүлсэн. Тэрбээр 70, 90 дэх минутад гоол оруулан энэ тоглолтод хэт трик толилуулав. Мөн “Хангарьд”-аас Д.Энхтөр 75, О:Мижиддорж 83, О.Мөнх-Од 87 нар гоол оруулж “Эрдэнэт”-ийн залуус 7:2-оор хожлоо. Тэд “Холбооны цом”-ын хагас шигшээд дээд лигийнхээ “Улаанбаатар сити” багтай тоглоно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ