"УБ Унаганууд" боломжоо хадгалан үлдлээ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 17 дугаар тойрог өчигдөр 12:00 цагаас “УБ Унаганууд”, “Шинэ Монгол Баянгол” багуудын тоглолтоор эхэллээ.

Хүснэгтийн дөрөвдүгээр байрт 26 оноотой бичигдэж байсан “УБ Унаганууд” хожил авч “Хоромхон”-руу гурван оноо ойртох зорилготой талбайд гарсан. Харин өрсөлдөгч “ШМ Баянгол” дээд лигээс унах нь тодорхой болсоны дээр Испани хагас хамгаалагч Рубио, ахлах дасгалжуулагч нь Шадаб Ифтихар нар эх оронруугаа буцсан байлаа. Тус хоёр баг улиралын эхний тоглолтоо энэ сарын 14-ний өдөр хийхэд Райн Фанте, Рубио нарын гоолоор тэнцээд байсан.

Энэ тоглолтын эхний үе гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн ч “ШМ Баянгол” багийн Г.Бүрэнжаргал хоёр шар хуудас авч талбайг чөлөөлсөн нь “УБ Унаганууд”-д давуу тал болсон. Ингээд хоёрдугаар хагасын 59 дэх минутад Япон легионерь Ёосүки Минами хаалгачийн алдааг ашиглан тоог нээсэн. Түүнээс хойш Улаанбаатар Их Сургуулийн баг олон аюултай довтолгоог хийж байсан ч Америк хаалгач Закари тэр бүхнийг зогсоож байв. Гэвч 76 дах минутад Г.Цогбадрах тоог 2:0 болгосон ч “ШМ Баянгол”-ын лидер Х.Есөн-Эрдэнэ 80’ минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан. Гэхдээ үндсэн цаг дуустал нэмж гоол орсонгүй, “УБ Унаганууд” гурван оноо авсан.

17 тойргийн хоёр дахь тоглолтод “Хоромхон”, “Дэрэн” багуудын дунд боллоо.

Хүснэгтийн гуравдугаар байрт 32 оноотой бичигдэж буй “Хоромхон” хожих юм бол “Хүрхрээ” үндэсний дээд лигийн энэ улиралд хүрэл медалийн болзол хангах байсан. Гэхдээ тоглолт тэдний төсөөлсөнөөс тэс өөр нөхцөл байдалтайгаар эхэлж, эхний үеийн долоо дахь минутад “Хоромхон”-ы хаалгач Э.Отгонпүрэв өөрийн хаалганд гоол орууллаа. Түүгээр ч зогсохгүй 40 дэх минутад “Дэрэн” багийн хамгаалагч Б.Ууганбат хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн боломжоо ашиглаж тоог холдуулсан.

Хоёрдугаар үед “Хоромхон” үр дүнг эргүүлэх даалгавартай талбайд гарсан ч 66 дахь минутад хамгаалагч Ц.Мөнгөншагай улаан хуудас авч багаа 10 хүнтэй үлдээсэн. Мөн 77 дахь минутад Нигер довтлогч Майкл Адэеэмо улаан хуудас авч “Хоромхон” үндсэн цагийг есөн хүнтэй дуусгах болов. Хоёр хүн дутуу багийн хаалганд Д.Билгүүн 78’ минутад гоол оруулан “Дэрэн” 3:0-ээр хожлоо. Тийнхүү сүүлийн тойрогт “УБ Унаганууд”, “Хоромхон” багууд хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийх бол “Дэрэн”, “УБ Унаганууд”-ын бүдрэлтийг хүлээж байгаа.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ