Г.Аюурболд: Прокурорын байгууллагаас пауэрлифтингийг сонирхож байгаа хүн байвал дэмжихэд бэлэн
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт жижүүр ажилтай Г.Аюурболд нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр Оросын холбооны улсын Курск хотод зохион байгуулагдсан сонирхогчдын Пауэр Лифтингийн Дэлхийн аварга /AWPC/ шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн -75 кг-ын жинд газраас таталтын төрлөөр оролцон "алтан медаль" авч дэлхийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн юм.
Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Ерөнхий прокурор үнэлж тушаал гарган "Прокурорын байгууллагын хүндэт өргөмжлөл"-өөр шагнасныг 2016 оны 09-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурор туслах, тамгын газрын дарга Ц.Арвинбуудай болон албаны бусад хүмүүс гардуулан өгөх үеэр бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
Г.Аюурболд нь Пауэр Лифтингийн спортоор хичээллэх хугацаандаа
- 2008 онд Дүүргийн Пауэр Лифтингийн аваргын мөнгөн медаль
- 2008 онд Пауэр Лифтингийн "Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсан.
- 2009 онд Дүүргийн Пауэр Лифтингийнаваргын алтан медаль
- 2009 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2010 онд Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2010 онд Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2010 онд Азийн аваргын хүрэл медаль
- 2011 онд Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Абсалют алтан медаль
- 2011 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2011 онд Оросын Холбооны Улсын Буриад Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2011 онд Оросын Холбооны Улсын Иркутск "Open” тэмцээний алтан медаль
- 2011 онд Дүүргийн оны "Шилдэг тамирчин”-аар шалгарсан
- 2012 онд Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2012 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний 3 төрлөөс 3 алтан медаль, нийлбэр оноогоор мөн алтан медаль
-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын "Спортын алдар” алтан медаль
- 2012 онд Монгол Улсын "Спортын мастер” цол тэмдэгээр шагнагдсан
- 2013 онд Дүүргийн аваргын алтан медаль
- 2013 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2013 онд Хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2013 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2013 онд "Олон Улсын хэмжээний мастер” цол тэмдэгээр
- 2014 онд Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2014 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
- 2014 онд "Strong cup” тэмцээнээс алтан медаль
- 2014 оны 8 дугаар сард Оросын Холбооны Улсын Москва хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "алтан медаль" зэрэг амжилтуудыг үзүүлж байсан байна.
-Юуны өмнө Улс эх орон болон Прокурорын байгууллагынхаа нэрийг дэлхийд гаргасан чамд баяр хүргэе.
-Баярлалаа. Хамт олон гэдэг сайхан юм байна. Баярыг минь хамтдаа хуваалцаж байгаа та бүхэндээ үнэн сэтгэлээсээ талархаж байна. Мөн миний гаргасан амжилтыг өндрөөр Монгол Улсын Ерөнхий прокурор тушаал гарган "Прокурорын байгууллагын өргөмжлөл"-өөр шагнагдсанд баярлаж байна. Би прокурорын байгууллагад ажиллаад 3 жил болох гэж байна.
Өмнө нь Налайх дүүрэгтээ фитнессийн багшаар ажиллаж байхад тэр үед Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хийж байсан н.Төртүвшин манайд явдаг байсан юм.
Гэтэл нэг өдөр н.Төртүвшин прокурор надад "Налайхын прокурорт жижүүрийн орон тоо гарсан 3 хоногийн амралттай болохоор чамд бэлтгэлээ хийгээд байх цаг зав гарна"... гэсэн санал тавьсны дагуу би ажиллаж эхэлсэн.
-Паурлифтингийн спорт өөрөө хүч тамирын спорт шүү дээ. Энэ спортын онцлогоос бидэнд сонирхуулаач.
-Маш олон талын эерэг үр нөлөөтэй спорт л доо. Хүнийг биеийг гоо сайхны зөв тэгш хөгжилтэй болгох, төлөвшүүлэх, муу зуршлаас хол хөндий байлгах гээд юм бүхэнд нөлөөлдөг гэж хэлж болно. Бас эрүүл мэндэд ч бас чухал нөлөөтэй.
-Таны хувьд маш олон тэмцээн уралдаанд оролцож үнэмлэхүй амжилтуудыг гаргаж байсан талаар сонссон. Анх хаанахын ямар тэмцээнд оролцож шагналын тавцан дээр зогсож байв даа.
-Хамгийн анх Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд зохион байгуулагдахад орж мөнгөн медаль авснаар анхны гараагаа эхэлсэн.
Дэлхийн хэмжээний олон тэмцээн, уралдаанд оролцож сайхан сайхан амжилтуудыг гаргаж байлаа. Эдгээрээс хамгийн тод үлдсэн тэмцээн бол 2014 онд ОХУ-ын Москва хотод болсон дэлхийн аварга байна.
Маш их өрсөлдөөнтэй том тэмцээн болсон. Ер бол сүүлийн үед энэ спортоор дэлхий маш олон оронд сонирхон хичээллэж байгаа л даа. Эдгээрээс хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол ОХУ болон АНУ-ын тамирчид байдаг.
-Одоогоор төлөвлөсөн хамгийн ойрын тэмцээн юу байна. Ажлын хажуугаар бэлтгэл хийх цаг хугацаа хир гарах уу.
-2017 оны Улсын аварга болон Азийн аварга л байна даа. Ер нь бол он гараад том, жижиг тэмцээнүүд байгаа. Бэлтгэлийн хувьд ажил хийгээд хаягдана гэсэн асуудал байхгүй. 7 хоногт 4 удаа бэлтгэл хийхэд хангалттай. Нэг хийхдээ 3 цаг орчим л хийдэг.
-Би таныг маш том биетэй, булчинлаг хүн байдаг юм болов уу гэж бодсон. Гэтэл яг уулзаад харахад бодож байснаас тэс өөр юмаа.
-/Инээв/Тиймээ. Зураг юм уу бичлэг дээр хүн нилээд том биетэй харагддаг ш дээ. Та миний сүүлийн тэмцээний зургийг хараад тэгж бодсон байх.
Сая болж өнгөрсөн дэлхийн аваргад оролцохдоо суултын төрөлд 257 кг, шахалтын төрөлд 180 кг, таталтын төрөлд 220 кг өргөсөн. Энэ спортын гол нь нэг их хүч гаргаад байхдаа биш мэргэжлийн дагуу хичээллэж арга, тактикийн маш сайн сурах хэрэгтэй.
Би 2014 онд 67.5 жинтэй байсан бол энэ жил 75 кг-ийн жинд оролцоод өсөөд явж байгаа. Жин нэмэгдэх тусам хүч нэмэгдэнэ. Манай холбоонд зөвхөн эрэгтэй гэлтгүй 10 гаруй эмэгтэй тамирчин бий.
Дээр нь нэмээд хэлэхэд энэ спорт маань нас харгалзахгүй. Манайд одоо 75 настай н.Цэгмид гээд хүн байгаа. Цэгмид ах маань сая мастер ангилалд рекорд тогтоогоод ирсэн.
-Прокурорын байгууллагын ажилтнуудаас энэ спортыг сонирхож өөрөөс чинь зөвлөгөө авч байгаа прокурор, ажилтан байна уу?
Одоохондоо яг хичээллээд ч юм уу сонирхоод байгаа хүмүүс байхгүй. Саяхнаас Архангай аймгийн прокурор газрын туслах ажилтан нэг залуу л зөвлөгөө авч хааяа яриад байдаг болсон. Өөрөө сонирхолтой юм байна лээ. Прокурорын байгууллагын ажилтнуудаас Паурлифтингийн спортыг сонирхож байгаа хүн байвал надтай холбогдоход тусалж дэмжихэд бэлэн байна.
-Жингийн илүүдэлтэй хүн хичээллэвэл үр дүнд хир хурдан мэдэгддэг вэ?
-21-р зуунд хүмүүс бүгд л эрүүл мэнддээ анхаардаг болчихож. Эрүүл биед саруул ухаан оршино ч гэж ярьдаг. Энэ бол маш үнэн. Энэ спортын онцлог нь хичээллэж эхлэнгүүт маш хурдан үр дүнгээ харуулдаг. Хүн таргалаад, бие өвдөөд байгаа асуудал бүгд хөдөлгөөний дутагдлаас л үүдэлтэй шүү дээ.
-Монголд Паурлифтингийн холбоо хэчнээн гишүүнтэй вэ?
-Маш олон гишүүнтэй. Би яг нарийн тоог нь бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан олон улсын тэмцээнд явах эрхээ олж авдаг улсын аварга зохион байгуулагдахад багадаа 500 тамирчин оролцдог ш дээ. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдээд өрсөлдөөн чангараад байгаа.
Улсын аваргын тэмцээнд оролцож алт авсан хүмүүс л гаднын томоохон тэмцээн, уралдаанд оролцох эрхтэй болно. Миний хувьд 5 удаа түрүүлсэн.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.
-Та бүхэндээ бас баярлалаа. Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсээд спортоор хичээллээрэй гэж уриалах байна даа.
Б.Отгончимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ