Дасгалжуулагч нар эрхээ хасуулсан ч ажлаа хийж болно
Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Сахилгын шийтгэлийн хороо есдүгээр сарын 9-нд хуралдаж, Монголын дасгалжуулагчдыг зүй бус үйлдэл гаргасан гэж үзэн, холбогдох хариуцлага хүлээлгэж байгааг есдүгээр сарын 13-нд буюу өнгөрсөн долоо хоногт Монголын чөлөөт бөхийн холбоонд албан бичгээр танилцуулжээ. Тодруулбал, "Рио-2016" олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол Улсын хоёр дасгалжуулагч эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл болсон гэж үзээд, Спортын шүүхээс дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дотоодын болон олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхийг 2016 оны наймдугаар сарын 26-наас 2019 оны наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд хасах,мөн МЧБХ-г 50 мянган еврогоор /125 сая төгрөг/ торгох тухай тусгажээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Торгуулиа төлсөн тохиолдолд л тамирчид тэмцээнд оролцох боломжтой болно гэдэг нь ташаа мэдээлэл. Баг тамирчдын тухайд хуанлийн дагуух тэмцээнүүддээ оролцох эрх нь нээлттэй байгаа” хэмээв. Товчхондоо зөвхөн дэвжээнд гарахгүй байх ёстой. Харин багш нар ажлаа хийж болох юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ