Паралимпийн тамирчид пүрэв гарагт ирнэ

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд эрхээ авсан найман тамирчин, таван дасгалжуулагчийн хамт оролцож, өндөр амжилтыг үзүүлсэн. Жүдоч Б.Ууганхүү пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, паралимпийн медальтан болсон. Мөн байт харвааны холимог багт “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар 40 орноос чансаагаараа шилдэг 16-д багтаж, Герман, Польшийн багийг хожин IV байр эзлэв. Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр анх удаа оролцсон Г.Цогтгэрэл бөөрөнцөгөөр V байр эзлэхдээ Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоолоо.

Риогийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын баг 160 орноос 75 байрт жагссан амжилтыг үзүүлсэн юм.

Паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 22-ны өдрийн 24.00 цагт Бээжингийн нислэгээр Улаанбаатарт газардана.

Ч.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ