Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа чангадах уу
Засгийн газар болон Төвбанк хэмээх байгууллагууд оршин буйнхаа хэргийг жинхэнэ утгаар гаргасан нь Монголд ипотекийн систем бүрэлдэх орчныг бий болгосон явдал. Хүн амынх нь тав хүрэхгүй хувь нь Арабын шейхууд шиг амьдрах, эсвэл үндэстнийг хэдэн үеэр нь тэжээчих их ордуудтай байх нь улс баян байх үндэс биш.
Ердөө тогтмол ажилтай, тогтвортой орлоготой, идэж уухаар дутахгүй, өөрийн гэсэн орон байртай, бас хуримтлалтай дундаж давхарга иргэдийнх нь дийлэнх, олонх байж гэмээнэ улс хүчирхэг байна гэж дунд сургуульд ч заадаг. Эдийн засагчдын хэлснээр цалингаа авмагц дэлгүүрийн лангуунд шууд тушаадаг санхүүгийн “террорист”-ууд шиг ард түмэнд хуримтлал үүсгэх хамгийн найдвартай арга нь орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл.
Зүй нь өмнөх Засгийн газрын хэрэгжүүлэх гэж оролдсон “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бол ипотекийн систем биш. Ипотекийн систем нь улсдаа ч тэр, иргэндээ тэр ялгаагүй хохирол учруулахгүй байх ёстой.
Тиймээс манай толгой эдийн засагчид Монгол Улсын өнөөгийн санхүүгийн байдал, цаашдын төлөвтэй уялдуулан жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй ипотекийн зээлийг баталсан. Засгийн газар саяхан ерөнхий журам баталсан. Одоо Төвбанк нарийвчилсан журам гаргахаар ажиллаж байна. Ингэснээр зургаадугаар сардаа багтаан иргэд ипотекийн зээл авах боломжтой болно гэсэн.
Гэтэл асуудал бас байна аа. Аль ч сайн юманд саар тал заавал бий гэдэг нь бололтой. Уг нь ипотекийн зээлийн ерөнхий журамд орон сууцны зээлийн урьдчилгаа нь 10-30 хувь байна гэсэн нь нэг сая төгрөгөөс дээш тогтмол орлоготой хэн ч болов байртай болох боломж бүрдсэн гэж ойлгогдож байна.
Тэгвэл хэн нь 10, хэн нь 30 хувийн урьдчилгаа төлөх вэ. Ерөнхий журамд үүнийг “...Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ” гэжээ.
Зорилтот бүлэгт хэн багтах юм гэдэг нь тодорхойгүй. Ерөнхий журмын утга нь угаасаа ерөнхий. Гэхдээ ерөнхийгөөс хүн ерөнхий ойлголт авах ёстой. Үүнээс гадна өнөөгийн Монголын дундаж давхаргад орон сууцны урьдчилгаанд 30 хувь өгөх чадалтай нь хэд билээ.
Орон сууцны урьдчилгааг 30 хувиар тогтоовол зээл өгч байгаа банкинд учрах эрсдэл багасдаг гэж тайлбарлаж байгаа ч хүндрэлтэй. Тухайлбал иргэн А би 60 м.кв хоёр өрөө байр авахаар сэтгэл шулуудав. Үнэ нь гэтэл 96 сая төгрөг болов. Чанга байна шүү. Сарын сая төгрөгийн цалин авахтай, үгүйтэй надад сайхан мөрөөдөл бий учраас ах, дүү, хамаатан саднаасаа дэмжлэг аваад урьдчилгаа босгоно гэж бодов.
Гэтэл урьдчилгаа нь 28 сая 800 мянган төгрөг. Би уг нь Монголын дундаж давхаргынхны жирийн нэг төлөөлөл. Хамгийн гол нь миний жилийн орлого сая төгрөгөөс давлаа гэхэд 15 сая болж чадахгүй нь гачлан. Тэгэхээр урьдчилгаа 30 шахам сая төгрөг гэдэг аймар тоо юм.
Энэ тохиолдолд мөрөөдлийн байраа болиод \баяжихаараа авна\ 50 м.кв бүхий хоёр өрөө байрыг 1.6 сая төгрөгийн өртгөөр бодож авъя гэтэл 80 сая болж байна. Урьдчилгаа нь 24 сая, бас хэцүү. Тэгэхээр энэ журмыг маш сайн нарийвчлахгүй бол горьгүй нь.
Тэгээд бас олон нийт барилгын үнийг бууруулах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаа. Хэдэн ч хувийн бай зээл олгох сургаар орон сууцны эрэлт, үнэ өсдөг. Харин энэ удаа өсөхгүй юм байна. Засгийн газар барилгын компаниудтай метр квадрат нь 950 мянгаас 1.1 сая төгрөгөөс илүү гарахгүй гэсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулах тухай ярьж байгаа ч хэрхэх нь тодорхойгүй л байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ