Өсвөрийн хөлбөмбөгчид эх орондоо иржээ
Өнгөрөгч сарын 18-ны өдөр Хөх хотыг зорьж хилийн чанд дахь тэмцээнийхээ аялалыг эхлүүлсэн МУ-ын 14 хүртэлх насны шигшээ баг өчигдөр эх орондоо газарджээ.
Тэд эхлээд наймдугаар сарын 20-30-ны хооронд Хөх хотод болсон “Нэг зам, Нэг бүс” тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн. Өөрсдөөсөө нэг насаар ах хүүхдүүдтэй тоглож алтан медаль энгэртээ гялалзуулсан шигшээ багийнхан бэлтгэлээ Хөх хотод үргэлжилүүлж байгаад энэ сарын 03-нд Бээжин хотыг зорьсон. “Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн 14 хүртэлх насны фестиваль”-ийн сугалааны үйл ажиллагаа болоход манай шигшээ “Гуам”, “Умард Марианы Аралууд”, “Япон”, “БНСУ”-ын шилэгдмэл хөвгүүдтэй оноолт таарсан юм.
Фестиваль энэ сарын 04-09-ний хооронд явагдахад “БНСУ”, “Япон”-ы шигшээ багуудад олон гоолын зөрүүгээр хожигдсон бол “Гуам”-тай эн тэнцүү тоглолтыг үзүүлэн 3:1-ээр хожигдсон. Харин хэсгийнхээ сүүлийн тоглолтыг “Умард Марианы аралууд”-ыг 7:2-оор хожсоноор тэмцээнээ өндөрлүүлжээ. Шигшээ багийн менежэрээр гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагч Д.Нанжид, туслах Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажилласан юм. Мөн тэрхүү хөлбөмбөгийн наадамд МХБХ-ны шүүгчид болох Э.Нямсайхан, Н.Оргилбаяр гэсэн залуу шүүгчид оролцож туршлага судлаад ирлээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ