“Чингис хаан кап” тэмцээнд Монголын шигшээ баг түрүүллээ
"Чингис хаан кап 2016" сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн энэ сарын 7-11-нд боллоо. Тэмцээнийг МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан юм. Хоёр дахь удаагийн “Чингис хаан кап” тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ I, II баг, Монгол улсын залуучуудын шигшээ, Монгол улсын оюутны шигшээ, БНАСАУ, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын их сургууль, БНСУ-ын “Eagles” гэсэн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөв.
БНАСАУ-Монгол улсын залуучуудын шигшээ 82:90 Хагас шигшээгийн тулаанд БНАСАУ-ын гол тоглогчдын нэг Ким Чон Ил бэртэл авсан тул тоглолтыг өнжихөөр болов. Харин манай багаас А.Бямбадорж тодорхой шалтгааны улмаас тоглолтод оролцсонгүй. Эхний үед БНАСАУ-ын шигшээ бага зэрэг давамгайлсан ч хоёрдугаар үеэс манай залуусын хамгаалалт илт сэргэсэн юм. Сүүлчийн хагаст манай залуус хамгаалалтаа нямбай хийсээр байлаа.
Энэ өдөр залуучуудын шигшээгээс Энхбатын Дөлгөөнийг будагтай талбай болон самбарын тулаанд зогсоох тоглогч БНАСАУ-ын шигшээд байсангүй. Э.Дөлгөөн багтаа чухал үүргийг гүйцэтгэж байв. Улмаар залуучуудын шигшээ 90:82-оор өрсөлдөгчөө буулган авч, "Чингис хаан кап 2016" тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. Тус тоглолтод Э.Дөлгөөн 35 оноо, 11 самбар, Б.Батзолбоо 20, О.Цэлмэг 15 оноо авав. Манай залуучуудын шигшээ энэ сарын 19-24-нд Улаанбаатар хотод болох Азийн оюутны АШТ-д хүч сорих юм. Хоёр сарын хугацаанд тус тэмцээний бэлтгэлээ хангасан. Юутай ч тэдний бэлтгэл сайн байгааг "Чингис хаан кап 2016" тэмцээнээр манай сагсан бөмбөг сонирхогчид харсан болов уу.
Монгол Улсын үндэсний шигшээ-БНСУ-ын “Eagles” 99:93 “Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний финалд Монгол үндэсний шигшээ, БНСУ-ын “Eagles” багтай тунан үлдэв. “Eagles” багийн хувьд БНСУ-ынхаа хагас мэргэжлийн лигт тоглодог бөгөөд мэргэжлийн лигийн шилдэг багуудынхаа эвгүй өрсөлдөгч гэнэ. Харин Монголын үндэсний шигшээ баг бүрэлдэхүүн дутуу шигшээ багийн дасгалжуулагчгүй байсан ч финалд шалгарч чадсан. Манай шигшээ баг хагас шигшээд БНАСАУ-ын үндэсний шигшээг 8 хүний бүрэлдэхүүнтэй буулган авсаныг дурдах хэрэгтэй байх.
Аваргын төлөөх тулаан маш өрсөлдөөнтэй эхэлсэн. Энэ тулааны нэг онцлог нь “Eagles” багийн дасгалжуулагч Пак Сун Гил Монгол үндэсний шигшээ багийн өнөөгийн тоглолтийн арга барилын гол үндэс суурийг тавьсан билээ. Тиймээс шигшээгийн залуус маань багшдаа нэг талаар шалгалт өгсөн гэхэд буруудахгүй болов уу. Тэр үеэс хойш ур чадвар хэр дэвшсэн гэдгийг энэ тоглолтоор Пак багшдаа харуулах байлаа. БНСУ-ын сагсан бөмбөгийн гол онцлог бол алсын зайн шидэлт гэдгийг энэ тэмцээний турш бид харсан. Тэгвэл манай багийн давуу тал бол будагтай талбайн тоглолт байсан юм. Залуус маань ч тоглолтын эхнээс будагтай талбайд илүү тоглолтыг үзүүлж байлаа. Дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэт Монгол үндэсний шигшээ баг өрсөлдөгчөө 99:93-аар буулган авлаа.
Тус тоглолтод Д.Дэлгэрням 25 оноо, 16 самбар, П.Болортулга 15 оноо авсан юм. Ийнхүү “Чингис хаан кап” тэмцээний аваргаар Монгол улсын үндэсний шигшээ баг хоёр дахь удаагаа шалгарлаа.
Тэмцээний дэд аваргаар БНСУ-ын “Eagles” баг тодров. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид Аваргын цомоо Пак Сун Гин багшид Монголын сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж дурсгал болгон гардууллаа. “Чингис хаан кап 2016” бэлгэдлийн шигшээ буюу гарааны таван тоглогчоор БНАСАУ-ын Чой Ру Ри, Ким Чол Мён, БНСУ-ын “Eagles” багийн Хон Сэй Ён, Монгол улсын залуучуудын шигшээ багийн Э.Дөлгөөн, Монгол Улсын үндэсний шигшээ багийн Д.Дэлгэрням тодорсон бол тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор БНАСАУ-ын Ким Чон Ил шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ