Байт харвааны багийн төрлөөр анх удаа өрсөлдлөө
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд 159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Манай улсаас жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтинг гэсэн таван төрөлд найман тамирчин өрсөлдөж байна. Одоогоор жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртсэн. Мөн байт харвааны тамирчид багаар IV байр эзэлсэн бол зээрэнцэг шидэлтийн төрөлд Гэндэндаржаагийн Цогтгэрэл V байр эзлээд байна.
Байт харвааны тэмцээн бямба гаригаас эхэлсэн бөгөөд 40 орны 137 тамирчин \эрэгтэй 79, эмэгтэй 58\ 70 метрийн рекурв, 50 метрийн компаунд болон W1 ангилалд ганцаарчилсан, холимог багаар өрсөлдөж байна.
Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав дөрөв дэх, эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа оролцо байгаа бол А.Анхбаяр анх удаа өрсөлдөж байгаа бөгөөд тэд 70 метрийн рекурв төрөлд ганцаарчилсан болон холимог багт хүч үзэж байна.
Ням гарагт болсон багийн тэмцээнд манай баг эхний өрсөлдөгч болох Германыг 5:3-аар хожиж, шилдэг наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Польшийн багтай харваж, 5:4-өөр хожлоо. Энэ харваа маш хүнд болж, 4:4-өөр тэнцээд байсан. Ингээд шийдвэрлэх харваанд 18 -14-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. Харин цааш мөнгө болон хүрэл медалийн төлөөх харваанд хожил авч чадаагүй юм.
Шөвгийн 16:
- Монгол - Герман- 5-3
Шөвгийн найм:
- Монгол – Польш 5-4
Мөнгөн медалийн төлөө
- БНХАУ – Монгол 6-0
Хүрэл медалийн төлөө
- Итали – Монгол 5-1
Ч.Болорчулуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ