Б.Ууганхүү пара-олимпийн хүрэл медаль хүртлээ
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV пара-олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин барилдсанаас манай бөх Б.Ууганхүү эхний тойрогт бразилын бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч Японы Х.Макотод цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдсан юм. Манай бөх Японы бөхтэй барилдахдаа эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө мэхэнд орон цэвэр ялагдав.
Б.Ууганхүү дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг цэвэр хожсоноор хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй учраа таарсан юм. Тэрээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, ийнхүү пара-олимпийн медальтан боллоо. Азарбайжаны бөх "Бээжин 2008" хүрэл, "Лондон 2012" алтан медальт бөх аж.
Харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3-т багтжээ. В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтдаг юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ