Бензиний үнэ буураагүй, хөөрөгдлөөс нь бага танажээ
Эдийн засагчид ч, жолоо мушгигчид ч ийн ярьж байна. Хятадад үйлдвэрлэсэн шатахуунд “Монгол АИ-93” шошго хадан үндэснийх болгосон манай Засгийн газар овтой гэмээр олон арга сүүлийн үед сүвэгчлэх болжээ. Өөрийн гэх шатахуун нь эргэлзээтэй болонгуут, үнэмшил төрүүлэхийн үүднээс бензиний үнийг 50 төгрөгөөр бууруулсан талаар муухан жүжиг тавив. Бензиний үнийг бууруулсан юм байж гэхэд, Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа сандралдан очиж, нээгээд ч байгаа юм уу, нэг л утгагүй үйлдэл хийсэн нь иргэдэд огт таалагдсангүй. Нэг л барааны үнэ буугаа биз. Юун ч сүртэй юм билээ. Харин ч хар төрүүлчихлээ байна. Нэртэйгээр нь талхны үнийг бас 50 төгрөгөөр бууруулчихаад, бүгдээрээ очицгоо л доо. Шогийн юм болно биз дээ, энэ чинь. Одоо ч юм л бол Ерөнхий сайд оччих гээд байдаг болж. Дамбадаржаад хүнсний хувийн дэлгүүр нээгдэхэд очиж балрах вий дээ. Бензиний үнэ буурсныг хэвлэлээр зарлаад л, станцууд нь тэр үнээр борлуулчихад л болмоор юм. Заавал очих ёстой юм бол, газрын тосны асуудал хариуцсан мэргэжилтэн байхад л хангалттай юм биш үү. Ямар, Америкаас Батаар ирчихээд байгаа биш. Очих, шавах, бахархах ёстой юмны нэг тэр л байх. Үгүй, тэгээд яг буурсан юм уу гэдэг асуудал бас байна. ШӨХТГ-ын удирдлагын амнаас хальт унасан үгийг та нар анзаарав уу? “Шатахуун түгээх хувийн станцуудын удирдлагууд хуйвалдан бензинийг бодит үнээс нь дээгүүр ханшаар зарж байсан юм” гэсэн байх аа. Тэгэхээр бензиний үнэ 50 төгрөгөөр буурсан юм биш ажээ. Хөөрөгдсөн үнээс нь л 50 төгрөг татсан болж таараад байна. Иргэдийн толгойг ингэж эргүүлэхийн оронд, тэр бодит үнэ гэдгийг мэргэжлийн комиссоор тогтоолгоод, түүнд тохирох мөнгөөр буулгачихсан бол, харин сая “Бид бензиний үнийг буулгав” гэж болох. Зарим эдийн засагч, жолоо мушгигчийн ярьж буйгаар 50 бус 150 хүртэл төгрөгөөр багасгахад, бодит үнэд дөхөх юм байна. Тэгвэл эдийн засагт ч нөлөөлж, ахуйн хэрэглээний ойр зуурын барааны үнэ ч тав, арван төгрөгөөр бууж мэдэх нь ээ. Түүнийг л жинхэнэ бензиний үнийн бууралт гэвэл зохилтой мэт.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ