Монголын далбаа өргөх ёслол боллоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны паралимпийн XV наадам өнөөдөр эхэлнэ. “Рио 2016” паралимпид оролцож буй Монголын багийн туг өргөх ёслол өчигдөр Олимпийн тосгонд болжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчид спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд манай найман тамирчин хурд хүчээ сорино. Манай тамирчдаас тав нь анх удаа оролцох болБ.Оюун-Эрдэнэ, А.Мөнхбат нар хоёр дахь удаагаа, мөн “Бээжин 2008”-н аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав өрсөлдөх юм.

Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөн атлетик, жүдо бөхийн төрлөөр эхлэх юм байна.

  • БАЙТ ХАРВАА: Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
  • ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү
  • БУУДЛАГА: З.Ганбаатар
  • ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл
  • ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ

“Рио 2016” паралимпийн Зуны XV наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр алдарт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болно.

Олимпийн тосгонд Монголын баг 14 байрны 11, 12 давхарт байрлаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ