Өсвөрийн шигшээ хатуу сугалаа татлаа

Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн 14 хүртэлх насны Фестивалийн техникийн зөвлөлгөөн, сугалааны үйл ажиллагаа өчигдөр /IX.05/ боллоо.

Бээжин хотын захад орших Хөлбөмбөгийн үндэсний бэлтгэлийн төвд есдүгээр сарын 6-10-нд болох Фестивалийн "А" хэсэгт БНХАУ, Макау, БНАСАУ, Тайвань, Хонконг, "В" хэсэгт Гуам, Умард Марианы арлууд, Япон, БНСУ, Монголын шигшээ баг хуваарилагдав.

МХБХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын шийдвэрээр манай улсын өсвөрийн шигшээ баг өнгөрсөн хавар байгуулагдаж, гурван сарын турш бэлтгэлээ базаасан бөгөөд Бээжинд ирэхийнхээ өмнөхөн Хөх хотод болсон "Нэг бүс, нэг зам" олон улсын тэмцээнд түрүүлсэн юм.

Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ багийн менежэрээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, туслах дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун ажиллаж байна. Мөн энэхүү Фестивальд ажиллахаар томилогдсон Монгол шүүгчид анхны томилгоогоо авсан. МХБХ-ны шүүгч Э.Нямсайхан, Н.Оргилбаяр нар “А” хэсгийн Тайвань – Хонг Конг улсуудын тоглолтыг дэнслэхээр болжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ