"Чингис хаан кап-2016" тэмцээнд таван орны тамирчид өрсөлдөнө

Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн олон улсын “Чингис Хаан кап-2016” тэмцээн болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд манай улсын үндэсний шигшээ баг түрүүлж, Ардчилсан Солонгосын шигшээ баг удаалж байсан юм.

Харин энэ жилээс тус тэмцээн хүрээгээ улам тэлж, Монгол улсын үндэсний шигшээ I, II шигшээ баг болон оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдаас гадна ОХУ-ын Буриад улсын шигшээ, БНХАУ-ын Хөх хот, БНСУ, БНАСАУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид зэрэг таван орны тамирчид өрсөлдөхөөр болжээ.

Энэ тэмцээний хамгийн том онцлог нь Ардчилсан Солонгос болон Өмнөд Солонгос улсын сагсан бөмбөгийн багууд нэг тэмцээнд тоглохоор болж байгаа нь түүхэн үйл явдал юм.

Тэмцээн 9-р сарын 7-ноос 11-ний хооронд болох бөгөөд өдөр бүр 4 тоглолттой байх юм байна. Тодруулбал, Спортын Төв Ордонд өдөр бүр 14:00, 16:00, 18:00, 20:00 цагуудад тоглох аж.

Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016” тэмцээн олгож байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ