Оюутнууд картаа 1000 төгрөгөөр сунгуулна
НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгож эхэллээ. Энэхүү ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулж байна.
Шинээр цахим карт олгох:
Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.
Цахим төлбөрийн карт сунгах:
Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих карт авсан, 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Карт сунгуулах оюутнууд мөн өөрийн сургуульдаа хандаж, хураалгана. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулаад их, дээд сургуулиуд Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежууд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.
Карт шинээр авахдаа өмнөх жилийн адил 3600 төгрөгийн хураамж төлөөд бүтэн жил ашиглах бөгөөд нийт 44 удаагийн эрхийг суулгаж өгсөн байна.Харин сунгалт хийлгэхэд 1000 төгрөг төлөх юм.
Энэ жил 32 МСҮТ, коллежийн 12 мянга орчим оюутны картыг сунгах, шинээр олгох болон алга болсон картыг дахин олгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн жил төгссөн оюутнуудын хувьд картаа энгийн картаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ