Биеэ барьж чадаагүй тоглогчид "багаа хөөдлөө"

Дөрвөн жилд ганц удаа зохиогддог “Монголын бүх ард түмний спортын их наадам”-ын, хөлбөмбөгийн төрөлд оролцсон “Замчин спорт хороо”-ны баг тэмцээнээ дундаас нь орхилоо.

Өчигдөр “Замчин” баг тэмцээний хагас шигшээгийн тоглолтыг “Дорнод” аймгийн шигшээ багийн эсрэг хийж, торгуулийн цохилтоос хожигдсон. Тоглолт дууссаны дараа “Замчин” багийн Г.Лхагвасүрэн эсрэг багийн тоглогчийг цохьсон бол дасгалжуулагч Д.Буян-Өлзий шүүгчийн биед ноцтойгоор халдаж, танхайрсан. Түүгээр ч зогсохгүй хожигдолоо хүлээн зөвшөөрөхгүй талбай дээр суулт хийж, тэмцээний явцад зүй бусаар саад хийв.

Тэдний гаргасан спортын бус үйлдэлүүдэд МХБХ арга хэмжээ авч сахилга бат, ёс зүйн дүрмийн 4.2.7 заалтын дагуу багаар нь тэмцээнээс хассан. Мөн “Замчин” багийг тэмцээнээс хасаад зогсохгүй сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан тоглогчидод тусгайлан арга хэмжээ авахаар боллоо.

Өчигдөр хагас шигшээгийн нөгөө нэг тоглолт болох “Орхон”, “Багануур” багуудын тоглолт явагдахад “Орхон” торгуулийн цохилтоос хожсон юм. Тэдэнд хожигдсон “Багануур” шууд хүрэл медалийн эзэд болсон. Харин “Үндэсний цом”-ын шигшээд таарсан “Дорнод”, “Орхон” аймгийн шигшээ багууд “Монголын бүх ард түмний XIV удаагийн спортын их наадам”-ын аваргыг тодруулах тоглолтыг өнөөдөр хийж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ