“Три Стар” эцсийн мөчид “Эрчим”-ийн боломжийг үгүй хийлээ

Эхний тоглолтодоо манай дээд лигийн аварга “Эрчим”-ийг хожиж гурван оноо аваад байсан “Три Стар” /Непал/ өчигдөр Комбажийн лигийн аварга “Нагауорлд” багтай тоглосон. Тэд энэ тоглолт хожих юм бол зургаан оноотойгоор хэсгээс гарах боломжоо шууд хангах байсан ч тоглолт тэс өөр нөхцөл байдалтайгаар эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл “Нагауорлд” бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж, санаачлагатай тоглож байлаа. Тиймдээ ч 28 дахь минутад Ним Сованнара булангийн цохилтоос мөргөж тооны харьцааг нээснээр, эхний үе 1:0-ээр өндөрлөлөө.

Хоёрдугаар үе, тэр дундаа тоглолтын сүүлийн мөч ойртох тусам “Три Стар” клубийн довтолгоон аюул тарьж байв. Ингээд 87 дахь минутад тэдний легионерь довтлогч Мартин Каяоде тооны харьцааг тэнцүүлсэнээр үр дүн тэдний талд эргэсэн юм. Үндсэн цаг дуустал хэн хэн нь гоол оруулалгүй тоглолт тэнцээгээр өндөрлөсөнөөр “Эрчим” клуб хэсгээс гарах боломжгүй болов. Харин 25-ны пүрэв гаригт буюу маргааш “Эрчим”, “Нагауорлд” багуудын тоглолтын дараа Непал, Комбажийн багуудын хэн нь тэмцээнийг цааш үргэлжлүүлэх нь тодорхой болно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ