Рио 2016 олимпийн хаалтын ажиллагаа боллоо

Олимпийн хаалтын ажиллагаа Рио Де Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хаалтын ёслолын ажиллагаа манай улсын цагаар 08:00 цагаас эхэлсэн юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улс ба дүрвэгчдийн багийн нийт 10500 тамирчин оролцжээ. Тус олимпид 25000 сурвалжлагч ажилласнаас тав нь манай улсын сурвалжлагч байлаа. Монгол Улсаас оролцсон 43 тамирчнаас 27 нь олимпид анх удаа оролцсон юм. Манай тамирчид спортын есөн төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж өрсөлдсөнөөс “Үдэн гаргах ёслол” дээр тангараг өргөсөн хоёр тамирчин болох Д.Сумъяа, Д.Отгондалай нар мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Ийнхүү Монгол Улс зуны олимпийн XXXI наадамд 67-р байрыг эзэлжээ.

Энэ өдөр Рио хотноо үргэлжилсэн хур бороотой байгаа бөгөөд хаалтын ажиллагааны үеэр олон олон сонирхолтой, гайхамшигтай үзүүлбэрүүдийг толилууллаа. Тухайлбал, Бразилын сүлд дууг 27 муж улсыг төлөөлсөн 27 хүүхэд дуулав. Мөн Бразилын өв соёлтой холбогдол бүхий дуу бүжгийг сонирхуулсан ба таван цагаригийг нэгэн өнгөөр илэрхийлсэн нь дэлхийн таван тивийн улс бид нэг хэлтэй гэдэг утга санааг илэрхийлжээ.

Дараагийн зуны Олимпын XXXII наадам 2020 онд Японы нийслэл хотноо болох юм. Олимпийн тугийг дараагийн Олимпийг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд хаалтын ёслолын үеэр гардуулан өглөө. Ийнхүү Риогийн олимпийн бамбарыг бөхөөснөөр хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ