Ж.Эрдэнэбат: Бид эдийн засгаа эмчлэх арга хэмжээг авна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийж, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцууллаа. Тэрээр "Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Би ажлаа авчихаад хэлж байсан. Эхлээд эдийн засгийн нөхцөл байдлаа судлаад дараа нь хийх ажлаа төлөвлөнө гэж хэлж байсан. Тийм учраас бодит нөхцөл байдлаа тодорхойллоо.

Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт эдийн засгаа эрчимжүүлэх, үйлдвэржилтийн ажлаа хийх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Харин төсвийн бодлогыг сайжруулах ажлын хүрээнд эхний ээлжинд бүх төсвийг нэг болгох ажлыг хийж байна. Бид цаашдаа төсвийн бодлогыг сайжруулахгүй, төсвийн тодотгол хийхгүй бол оны эцэс гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэнэ. Тийм учраас үндсэн төсвийг алдагдалгүйгээр батлах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Төсвийн тодотгол хийхээр ээлжит бус чуулган хуралдуулаач ээ гэсэн саналыг УИХ-ын даргад тавиад байгаа.

Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, төлбөрийн тэнцлийг тогворжуулах, балансжуулах, хөгжлийн бодлогыг дэмжих зэргийг энэ хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг бүрдсэн байгаа. Хөтөлбөрөө, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Бид хүмүүсийг хуураад явья гэж бодоогүй. Монголчууд бид нэг нэгнээ хуураад явж болох ч гадны хөрөнгө оруулагчид хууртахгүй. Бодит нөхцөл байдлыг мэдэж байж л гадны хөрөнгө оруулагчид орж ирнэ. Тиймээс бодит тоон мэдээллүүдийг гаргаж тавина. Үүний дараа бид эдийн засгаа эмчлэх арга хэмжээг авна" гэлээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тухайлбал, Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгын талаарх асуултад "Энэ талаар улс төрийн хүчин аль аль талаасаа шүүмжлэлтэй ханддаг. Бид аль болох хүнээ ажилтай болгох бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ очих ёстой." гэсэн хариулт өгсөн юм. Түүнчлэн эдийн засгийг хэрхэн сэргээх талаарх асуултад хариулахдаа “Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ