Д.Сумъяа: Каори Мацүмог ялна гэсэн итгэлтэй гарсан
Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нь “Хилчин” спорт хорооны тамирчин билээ. Ахмад цолтой түүнд торгон хилээ манаж зогсоо нөхөд нь болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд “Рио-2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэжээ.
Монгол Улсынхаа дархан хил Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгддэг тэрээр “Рио-2016” олимпийн наадмын гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медалийн эзэн болж Монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ.
Хилчин тамирчин Д.Сумъяа өрсөлдөгчдөө ялж, өмнө нь таван удаа учраа тааран барилдаж байсан Каори Мацумотог 22 секундэд цэвэр ялснаар хэсгийнхээ аварга болсон юм. Ийнхүү тэрээр Бразилийн бөх Р.Силватай барилдаж, шүүгч нарын шүүлтээр ялагдал хүлээсэн ч элэг нэгт тамирчдаасаа Риогийн олимпийн анхны медалийн салхийг хагаллаа. Ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэнд олимпийн анхны эзэн хилээс төрсөнд хилчин бүхэн бахархалтай байгааг онцлон дуулгая.
Алтан медалийн төлөөх барилдаанд ялагдаж мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа болон Бразилийн бөх Р.Силва нарын барилдааныг зарим хөгжөөн дэмжигчид дүрмийн бус барилдаан болсон гэж үзэж Rio 2016 Фэйсбүүк хуудаст сэтгэгдлээ хуваалцсаар байна. Олимп шүүнэ гэдэг бол шүүгч нарын хувьд том хувь заяа. Энэ удаагийн олимпийн шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан манай улсын шүүгч М.Бөхбат: Дүрмийн дагуу хөлд хүрч болно хэмээн жиргэсэн нь эргэлзээг нэг тийш нь болголоо.
Д.Сумъяа тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа." хэмээн ярьсан юм.
Ямартай ч алтын энтэй мөнгө хүртсэн Д.Сумъяаг Монгол Улсын засгийн газраас олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу 60 сая төгрөгөөр шагнана. Засгийн газар олимпоос алтан медаль авсан тамирчинд 120, мөнгөн медалийн эзэнд 60, хүрэл медаль хүртвэл 30 сая төгрөгийн шагнал тус тус олгодог юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ