Олимпийн нээлт монголын цагаар маргааш болно

Зуны олимпийн XXXI наадмын нээлт өнөөдөр Бразил улсын Рио де Жанейро хотноо болно. Дэлхийн өнцөг булан бүрт энэхүү наадмын нээлтийг сэтгэл догдлон хүлээж байгаа. Харин Монгол, Бразил 12 цагийн зөрүүтэй тул наймдугаар сарын 5-нд 20:00 цагаас эхлэх олимпийн нээлтийг монголчууд наймдугаар сарын 06-ны өглөө 08:00 цагаас үзэх боломжтой.

Олимпийн нээлттэй зэрэгцээд 09:00 цагаас байт харваач Ж.Гантөгс урьдчилсан харваагаа тавьж, Монголын тамирчдынхаа салхийг хагална. Тэрээр "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн.

Энэ удаад 64 харваач оролцох ба урьдчилсан харваанд авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдэнэ. Харин энэ сарын 8-нд хасагдах шатны харваа эхэлж эрэмбээрээ 1-т орсон тамирчин 64-т орсонтой, 2-т орсон нь 63-т орсонтой гэх мэтээр халз харвах юм.

Монголын баг тамирчид Рио-2016 олимпийн наадамд оролцоход бэлэн гэдгээ мэдэгджээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ