CAS-аас ОУОХ-ны шийдвэрийг хууль бус гээд хүчингүйд тооцжээ

Швейцар улсын Лозанн хотод өчигдөр болсон CAS, Спортын арбитрын шүүхийн хуралдаанаас сэргээш хэрэглэж байсан нь илэрч зохих шийтгэлээ хүлээсэн оросын тамирчдад давхар шийтгэл ногдуулах тухай ОУОХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүйд тооцсон байна. Тэр тухай “Өмнө нь сэргээш хэрэглэж байсан нь илэрсэн оросын тамирчдыг 2016 оны олимпийн наадамд оролцуулахыг хориглох тухай ОУОХ-ны шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж САШ-ээс үзсэн байна.

Өмнө нь сэргээш хэрэглэж байсан нь илэрч шийтгэлээ хүлээсэн оросын тамирчдыг олимпийн “Рио-де-Жанейро-2016”наадамд оролцуулахгүй тухай шийдвэрийг ОУОХ-ноос гаргасан нь зөвхөн ганц орны тамирчдад хандсан, оросын тамирчдыг ялган гадуурхсан үйлдэл болсон байсан юм.

САШ-аас гаргасан шийдвэрээ баримтлан оросын сэлүүрт завины тамирчин Иван Подшивалов, Анастасия Карабельщикова хоёрын гомдлыг хэлэлцэж тэднийг олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай FISA, Олон улсын сэлүүрт завины спортын холбооны шийдвэрийг цуцалсан байна.

Өнөөдөр оросын усан сэлэлтийн тамирчин Юлия Ефимова, бөх Виктор Лебедев хоёрын гомдлыг хэлэлцэнэ.

Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ