Манай баг тамирчид тогоочтойгоо, бас “Team Mongolia” автобустай
“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид түрүүчээсээ Volta Redonda хотын спортын төвд төвхнөж эхэллээ. МҮОХ болон Спортын бэлтгэлийн төвийн албаны хүмүүс баг бүрэлдэхүүнээ хүлээж авахад бэлтгэн, ажилдаа оров.
Монголын спортын төрийн байгууллагууд энэхүү спортын төвтэй гэрээ хийсэн юм. Энд манайхан бүх бэлтгэлээ хангаж, жүдо 24, бокс 16, байт харваа гурав, тэквондо дөрөв, чөлөөт бөхийн 28 тамирчин /эрх авсан болон бэлтгэл хангагчид нийлээд/ болон дасгалжуулагч, эмч, илээч нарыг өнөөдрөөс хүлээж авахад бэлэн болжээ.
Монголын багийн анхны түрээсийн автобус
Монголын баг Рио-д газардахгүй. Учир нь олимпийн багаа дэмжсэн төрийн дэмжлэгээр Монголын олимпийн баг анх удаа автобус түрээслэн, олимпийн хотоор баг тамирчиддаа үйлчилж байна. Хөлсийг нь төлж, өнгийг нь өөд татсан энэ автобусыг “Team Mongolia” олимпийн турш хөлөглөнө. Шигшээгийн тамирчдаа тэр чигт нь багтааж дөнгөх “Team Mongolia” автобус 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, тосгонд хүргэж өгөх гээд цаг наргүй ажиллахад бэлэн. Автобусны чимэглэлийн загварыг Монгол залуус гаргаж, баг тамирчдаа дэмжин, үнэгүй чимэглэжээ.
Олимпод тогоочтойгоо
Мөн л төрийн дэмжлэгтэйгээр энэ олимпод Монголчууд анх удаа тогоочоо дагуулан очоод байна. Mонголын багийн тогооч Ц.Байгалмаа. Тэрбээр Хоол зүй, шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн тогооч бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, хүнс судлалын магистр.
Олимпийн наадам эхэлтэл арваад хоногийн хугацаа байна. Энэ хооронд зарим төрлийн тамирчид Volta Redonda хотын спортын бэлтгэлийн төвд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Түүнчлэн жингийн тамирчдынхаа бэлтгэлийг хангахаар очсон тамирчид, багийн бусад албаны хүмүүсийг ахлах тогооч Ц.Байгальмаа гарын хоолоороо дайлж, гэдэс алдуулахгүй гэнэ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ