Риогийн олимпид Оросын шигшээ багийг бүхэлд нь оруулахгүй

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд Оросын олимпийн шигшээ багийг бүхэлд нь оролцуулахыг хориглох тухай шийдвэрийг долоодугаар сарын 24-ний ням гарагт буюу өнөөдөр гаргана.“The Mail on Sunday” сонин өөрийн баттай эх сурвалжийг иш татан ингэж бичжээ.

Тус сонинд тэмдэглэснээр, Оросын бүх 387 тамирчин, түүний дотор Спортын арбитрын шүүх (САS) долдугаар сарын 21-нд нэхэмжлэлийг нь няцаасан хөнгөн атлетикийн 68 тамирчныг тэмцээнд оролцуулахгүй ажээ.

Гэхдээ сэргээшийг хөхиүлэн дэмжих “төрийн хөтөлбөрт” оролцоогүй гэдгээ нотлох боломжийг зарим тамирчинд олгох юм байна. ОУОХ тэдэнд төвийг сахисан байдлаар тоглолтод оролцохыг зөвшөөрөх ажээ. Ийм тохиолдлыг спортын зохих төрлийн холбоод жич авч хэлэлцэх юм.

ОУОХ-ны гүйцэтгэх хорооны зарим гишүүн 2018 онд болох ёстой солонгосын Пхенчханы өвлийн олимпийн наадамд ч Оросыг оролцуулахгүй байхыг шаардаж байгааг сонинд бас мэдээлсэн байна.

Канадын хуульч Ричард Макларены удирдсан Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн бие даасан комисс 2014 оны Сочигийн олимпийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн гэх зэмлэлийг мөрдөн шалгасан дүнгийн тухай илтгэлийг долдугаар сарын 18-нд танилцуулсан юм. Энэ шалгалтын дүнгийн дагуу дээрх агентлаг оросын бүх тамирчныг 2016 оны олимпийн наадамд оролцуулахгүй байх, түүнчлэн Оросын спортын сайд Виталий Мутког огцруулахыг уриалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ