“Нинжа” нар жилд 11 тонн мөнгөн ус байгальд “цацдаг”
Монголын бичил уурхайчид буюу “нинжа” нар жилд 11 тонн мөнгөн ус хэрэглэдэг гэж “Energy bangla” агентлаг мэдээлжээ. Гэтэл Монгол Улсын холбогдох яам, мэргэжлийн хяналтын байгууллага энэ талаар дорвитой мэдээлж, ярьсан нь үгүй.
Харин олон улсын мэргэжилтнүүд энэ талаар нухацтай хөндөж, Засгийн газарт анхааруулсан байх юм. Энд бичсэнээр, мөнгөн усны хор хөнөөл монголчуудын мэддэгээр эрчүүдийг үргүйдүүлэхээс илүү бага насны хүүхдүүд, урагт хамгийн ихээр нөлөөлдөг гэжээ.
Нөлөөлөхдөө төв мэдрэлийн системийг гэмтээж, генийн бүтцийг гажуудуулдаг нь цацраг идэвхит хордлоготой адил гэсэн үг. Мөнгөн ус амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүний биед нэвтрэн орж амьсгалын систем, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг. Мөн бид мөнгөн ус физик, химийн шинжээ алддаггүй, хөрснөөс гадагшладаггүй гэж ойлгодог нь бас буруу юм байна.
Учир нь мөнгөлөг өнгөтэй, гулгамхай чанартай энэ шингэн элемент агаар мандалд дэгдэхдээ “гаргуун”, тэнд очсон хойноо тарьдаг хэрэг нь хүчлийн бороо бий болгоцохоос эхлэн чамгүй олон. Тиймээс л олон улсад мөнгөн усны хэрэглээнд асар нарийн хяналт тавьдаг.
Гэсэн хэдий ч химийн үйлдвэрээс гадна алтны үндсэн ордод ажилладаг компаниуд, ялангуяа бичил уурхайчид энэ төрлийн гол хэрэглэгчид болжээ.
Энэ онд Их Британийн Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Дэлхийн мөнгөн усны үнэлгээний сан хамтран судалгаа хийсэн байна. Тэгэхэд дэлхийн мөнгөн усны хэрэглээний 35 хувийг Африк, Төв Ази, Өмнөд Америкийн 70 орны бичил уурхайчид бүрдүүлж байна гэж үзжээ. Үүнээс болж 15 сая хүн мөнгөн усны хордлогоос үүдэлтэй эмгэг туссан.
Монгол Улсад албан бус тоогоор 100 мянган бичил уурхайчин бий бөгөөд мөнгөн усыг тун бага хяналтын дор хэрэглэдэг гэж олон улсын мэргэжилтнүүд дүгнэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, мөнгөн усны нийлүүлэлт, худалдаа, хэрэглээг хянадаг байгууллагууд хангалтгүй ажилладаг юм байна.
БОНХЯ-ны мэргэжилтнүүдийн судалгаанаас харахад сүүлийн аравхан жилийн дотор бүх нутгийг хамарсан 120 гаруй цэгт мөнгөн ус, цианитын бохирдол үүсэж, 200 гаруй мянган тонн хортой хаягдлаар зөвхөн голомтыг нь тооцоход л 53.2 га талбай бохирдсон байдаг. Хамгийн гол нь ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гээд бодохоордээрх хэмжээний бохирдол ямар их талбайд тархаж амжсан нь мэргэжлийн гэлтгүй хэн бүхэнд ойлгомжтой зүйл.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ