Дэлхийн өсвөрийн 3 дээд амжилтыг шинэчилжээ
АНУ-ын Сан Диего хотод Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан “Extreme Memory Tournament” тэмцээнд манай тамирчдын гаргасан амжилтын буухиа тасарсангүй.
Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лос Анжелес хотод 7 дугаар сарын 2-3-ны хооронд зохиогдсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУ-ын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ оролцон дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн (5786 оноо)-гээр аваргын цом хүртлээ.
Тэрээр "Хоёртын тоолол" төрөлд 5 минутанд 900 цифр тогтоон алдаагүй санаснаар урьд өмнө нь Т.Энхжингийн /822 цифр/ эзэмшиж байсан рекордыг шинэчиллээ. Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчилж чадлаа.
Ийнхүү тамирчид маань дэлхийд нэр алдраа дуурсгаж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулсаар байна.
ОЮУН САНААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛ ХИЙЖ БУЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2016.07.06
СЭТГЭГДЭЛ БИЧИХ