Түрүүлсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг алтан медалиар шагнана

ОХУ-ын Якут улсын Якутск хотод өнөөдөр нээлтээ хийж байгаа олон улсын ҮI дахь удаагийн хүүхдийн “Дети Азии” спортын наадмын спортын 22 төрөлд медаль хүртсэн өсвөрийн тамирчдад олгох 532 алт, 321 мөнгө, 423 хүрэл нийт 1276 медаль бэлэн болж эздээ хүлээж байна. Нийтдээ 1321 медаль бэлтгэснээс алтан медаль хүртсэн тамирчдад гардуулах тус наадмын билэгдэл бүхий 330 энгэрийн тэмдэг, гоёмсог саванд байрлуулсан дурсгалын 210 тэмдэг байна.

Спортын төрөл тус бүрт түрүүлсэн тамирчин, багийн дасгалжуулагч нарт алтан медаль олгох юм байна.

Медалийн загварыг захаараа дугуйрсан цагаан өнгийн нүхэн хэлбэртэй, нүүрэн талд нь Якут улсын билэг тэмдэг болох Лена мөрний дагуух хадны зурагт дүрсэлсэн гартаа туг барьсан морьтон, очир алмааз, арслан заан, Ленскийн столбы байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн хадны дүрслэл, якут хийцийн цайзны цамхаг дүрсэлж голд нь “Дети Азии” спортын наадмын логог байрлуулжээ.

Наадмын медалийн загварыг зохион бүтээх, үйлдвэрлэх ажилд гарсан 3 сая рублийн зардлыг тус наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Алроса” компани санхүүжилжээ. Медалийг Москва хотын "Диалог-Конверсия" пүүс үйлдвэрлэжээ.

“Алроса” компани нь очир алмааз олборлолтын салбарт дэлхийд тэргүүлэх байр эзлэдэг хийгээд дэлхийн очир алмааз олборлолтын 25 хувь, ОХУ-ын олборлолтын 95 хувийг гаргадаг байна.

Энэ оны долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд үргэлжлэх тус наадмын хөвгүүд, охидын чөлөөт бөхийн тэмцээнд манай баг тамирчид оролцохоор мордоод байгаа юм.

Багийн дасгалжуулагчаар өсвөр болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар, шүүгчээр Архангай аймаг дахь Биеийн, тамир спортын дунд сургуулийн багш, олон улсын шүүгч П.Пүрэвцогт явсан. Тус наадамд чөлөөт бөхийн төрлөөр 11 хөвгүүн, 10 охид нийт өсвөрийн 21 бөх оролцоно. Тэмцээнд оролцох бөхчүүдийг “Алдар” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнээс шалгаруулж авсан ажээ.

1996 оноос 4 жил тутам зохиогдож байгаа “Дети Азии” спортын наадмаас хөвгүүдийн төрөлд Ч.Мөнхбаяр 2000 онд, Н.Цэрэнчунт 2004 онд, Б.Хаш-Эрдэнэ 2008 онд, З.Занабазар 2012 онд, охидын төрөлд Ц.Бямбазаяа 2008 онд, Б.Дөлгөөн 2012 онд тус тус түрүүлж байв.

Хөвгүүд

35 кг Ганбаатарын Энхням /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

38 кг Пүрэвсайханы Мөнх-Эрдэнэ /Баянхонгор аймаг/

42 кг Эрдэнэбатын Төгсжаргал /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

46 кг Нармандахын Наранхүү /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

50 кг Олонбаярын Сүлдхүү /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

54 кг Монголхүүгийн Адьяанацаг /Өвөрхангай аймаг/

58 кг Энхбаярын Бямбадорж /Баянхонгор аймаг/

63 кг Эрдэнийн Гонгор /Баянхонгор аймаг/

69 кг Энхтүвшингийн Батмагнай /Баянхонгор аймаг/

76 кг Рэнцэндоржийн Мөнхбаяр /Багануур дүүрэг/

85 кг Насанбуянгийн Чинзориг /Баянгол дүүрэг, 73 дугаар дунд сургууль/

Охид

32 кг Энхболдын Бум-Аюуш /Баянхонгор аймаг/

34 кг Ганболдын Оюундарь /Архангай аймаг/

37 кг Түмэнжаргалын Энхжин /”Алдар” спорт хороо/

40 кг Түмэнбаярын Цээням /Баянхонгор аймаг/

44 кг Бат-Эрдэнийн Эрдэнэсувд /”Женко” клуб/

48 кг Мөнхбатын Пүрэвтунгалаг /Баянхонгор аймаг/

52 кг Болдсайханы Хонгорзул /Баянхонгор аймаг/

57 кг Нандинцэцэгийн Анударь /Чингэлтэй дүүрэг/

63 кг Дэлгэрцогтын Түмэнхүслэн /”Женко” клуб/

67 кг Батболдын Намуунзаяа /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ