Банкуудад 120 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Монголбанкнаас зохион байгуулдаг Засгийн газрын үнэт цаасны худалдаа өчигдөр боллоо. Энэ үеэр нэг бүр нь сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 долоо хоногийн хугацаатай 120 тэрбумын үнэт цаас арилжаалах санал гаргасан. Харин арилжааны банкууд 177 тэрбум төгрөгийн үнэт цаас авах хүсэлтэй байв.

Гэвч хэлэлцээр ёсоор Төвбанк 120 тэрбумын үнэт цаасыг 10.3 хувийн хүүтэйгээр арилжаалаа. Үүнээс гадна Монголбанк нэг долоо хоногтой, 558.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 11.5 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад худалдсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 994 тэрбум төгрөг болжээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын болон банк хоорондын мөнгөний захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Д.Амар

.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ