Ой тогтоолтын тэмцээний 60 медалийн 22-ыг нь монголчууд авлаа

МАЛАЙЗЫН ОЙ ТОГТООЛТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС 60 МЕДАЛИЙН 22-ЫГ НЬ ХҮРТЭЖ БАГИЙН ОНООГООР ТЭРГҮҮЛЛЭЭ

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин (дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4) багш, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртжээ.

Бага насны ангилалд өрсөлдсөн /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа/ Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж, хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус орсон юм. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 16-г нь хүртэж дэлхийд номер нэг гэдгээ дахин харууллаа.

Ийнхүү шинэхэн тамирчдын 2016 оны хамгийн эхний тэмцээний буухиа амжилттай эхэлжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд Оюун ухааны академийн тамирчид оролцож, эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртсэн байна.

Энэ сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах "Extreme Memory Tournament" ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж байгаа гэлээ. Тамирчиддаа амжилт хүсье.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ