Сагсан бөмбөгийн "Б" зэрэглэлийн УАШТ эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн уралдаанууд үргэлжилсээр байна. Энэ удаад “2016 оны Б зэрэглийн Насанд Хүрэгчдийн УАШТ” өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнийн онцлог нь эрэгтэй болон эмэгтэй Үндэсний Супер Лигт тоглосон тамирчид оролцож болдоггүй. Бусад бүх лигийнхэнд хязгаарлалт байхгүй оролцдог юм. Энэ удаагийн Улсын Аваргад эрэгтэй 24 баг, 8 хэсэг болж өрсөлдөж байгаа бол, эмэгтэй 16 баг, 4 хэсэг болон тоглож байна. Хөдөө орон нутгаас Сүхбаатар, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудаас багууд ирсэн бол, нийслэлээс Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүд, мөн Спрайт лигийн багууд, их дээд сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээний дүрэм ёсоор, багууд эхний 2 үед 5, 5 тоглогчоор солигдож байгаа. Тиймээс маш өргөн хүрээг буюу нийт 40 багийн 600 орчим тамирчид энэ тэмцээнд оролцож байна. Мөн МҮСБХ энэ жилээс бүхий л тэмцээнд хувийн хамгаалалтын дүрмийг хэрэгжүүлж байгаа.

Б зэрэглийн Улсын Аваргаас эрэгтэй, эмэгтэй эхний 8 байрт шалгарсан багууд, А зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авах учиртай. Спортын Төв Ордонд 5 хоногийн турш үргэлжлэх энэ тэмцээний хэсгийн шатны тоглолтууд энэ лхагва гарагт өндөрлөж, пүрэв, баасан гарагт буюу 6 сарын 16,17-нд хасагдах шатны тоглолтууд үргэлжилнэ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ