УЕФА Оросын хөлбөмбөгийн холбооны эсрэг сахилгын хэрэг нээв
Европын хөлбөмбөгийн холбоо - УЕФА Оросын хөлбөмбөгийн холбооны эсрэг сахилгын хэрэг нээв. Европын аварга шалгаруулах тэмцээн дээр Английн багтай тоглох үеэр оросын хөгжөөн дэмжигчдийн гаргасан авир ингэх шалтгаан болсон хэмээн Ассошэйтед пресс агентлаг мэдээлжээ. Английн хөлбөмбөгийн холбооны эсрэг хэрэг нээгээгүйг цохон тэмдэглэж байна.
УЕФА-гийн хяналт-сахилгын хороо зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт шийдвэрээ гаргах ажээ.
Оросын Спортын сайд Виталий Мутко “Р-Спорт” сонинд өгсөн ярилцлагадаа,Оросын хөлбөмбөгийн холбооны эсрэг хэрэг нээснийг дэмжсэн байна.
Хөгжөөн дэмжигчдийн үйлдлээс болоод Оросын шигшээ багийн оноог хасч болохыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан, Оросын хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Вячеслав Колосков түрүүнд нь үгүйсгээд,Оросын хөлбөмбөгийн холбоонд ахиухан мөнгөн торгууль ногдуулж болох юм гэж үзэж байна.
“Велодром” цэнгэлдэх хүрээлэнд Орос, Английн шигшээ багуудын тэмцээн дууссаны дараа зургаадугаар сарын 11-нд оросын хөгжөөн дэмжигчид зодоон өдүүлжээ. Мэдээнд дурдсанаар,англичууд Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон теннисчин Мария Шарапова нарыг доромжилсон үйлдэл гаргаснаас болж, оросын хөгжөөн дэмжигчид халдсан байна. Англичуудын сектор руу петардаар буудсанаар зодоон гарсан гэж британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдэгджээ.
Зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд орос, английн хөгжөөн дэмжигчид Марсель хотын гудамжиндүймээн гаргасан байна.Энэ үеэр 35 хүн хүнд, хөнгөн бэртэснээс тав нь оросын иргэн байсныг мэдээллээ.
Орос, Английн шигшээ багуудын тоглолт 1:1-ийн харьцаатай дууссан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ