Өсвөрийн сагсчид World United Games-д оролцоно

Сагсан бөмбөгийн "U-16" насны өсвөрийн шигшээ баг Австри улсад болох World United Games-д оролцоно.

НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага Юнескогийн ивээл дор 40 гаруй орны 7000 гаруй тамирчид, спортын 10 төрлөөр өрсөлддөг Европ тивийн хамгийн том хүүхдийн наадам "UNITED WORLD GAMES-2016" оролцох урилга ирсний дагуу манай баг тамирчид оролцоход бэлэн болжээ.
Сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын тамирчидтай гурван жил өрсөлдсөн бол энэ жил сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европ тивийн багуудтай өрсөлдөх болсон нь бас нэг онцлог, давуу тал юм.
U16 насны УАШТ-нээс шалгарсан тамирчид өрсөлдөх ба эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ирээдүй цогцолбор сургуулийн багш Д. Лхагваа, эмэгтэй багийн дасгалжуулагчаар 52-р сургуулийн баг У. Гэрэлт-Од нар ажиллаж байна.

Манай эрэгтэй баг хэсэгтээ АНУ, Словак, Итали багуудтай таарчээ. Эмэгтэй баг хэсэгтээ Португали, Унгар, Словак, Зимбабвегийн багуудтай таарсан байна.

U16 насны шигшээ багт Дундговь, Баянхонгор, Дорнод, Зүүнхараа, Дархан-Уул, Налайх, Дорноговь аймгийн тамирчид нийслэлийн 1-р сургууль, Мон Турк, 21-р сургууль, Ирээдүй цогцолбор, 52-р сургуулийн шигшээ багийн тамирчид шалгаран Австри Улсыг зориход бэлэн болоод байна.
Мөн ирэх долдугаар сарын 5-17-ны өдрүүдэд ОХУ-ын Якутскад болох Азийн Хүүхдийн наадамд мөн U16 насны манай эмэгтэй тамирчид оролцохоор бэлтгэлдээ гараад байна.

Азийн хүүхдийн наадамд оролцох тамирчдыг Дархан-Уул аймгийн дасгалжуулагч ОУХМ Д. Гүржав, Монгени цогцолбор сургуулийн багш Д. Ганхуяг нар удирдан бэлтгэж байна.
Монгол Улсаа төлөөлөн тив, дэлхийн наадамд өрсөлдөх өсвөрийн сагсан бөмбөгчиддөө өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сануулахад, МҮСБХ ирээдүй хойч болсон сагсан бөмбөгчдөө бэлтгэхэд анхаарал ихэд хандуулан ажилласаар байгаа билээ. Үүний хүрээнд бага наснаасаа олон улсын түвшинд тоглох боломжийг олгон, үе тэнгийн сагсан бөмбөгчидтэйгөө өрсөлдөх нь тэдний ур чадвараа ахиулахад том түлхэц болох юм.

Өнгөрсөн жил нас насны ангилалын УАШТ, Сурагчдын лигийг гурван насны ангилалаар зохион байгуулсан. Сурагчдын лигийн аварга багууд ОХУ-ын Сурагчдын лигийн "КЭС БАСКЕТ" тэмцээн 6 дахь удаагаа оролцон эрэгтэй баг анхны хүрэл медалийг хүртсэн бахдам амжилт үзүүлсэн.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ