“Халаасны” гэгдэгч Геркулес 105 настайдаа хорвоог орхижоо

Намхан нуруутай, бие галбир сайтайгаасаа “Халаасны” Геркулес хэмээн хочлуулж байсан Энэтхэгийн домогт бодибилдингийн тамирчин Манохар Айч 105 настайдаа нас барсан байна. Тэрээр 1952 онд “Дэлхийн мистер” цол хүртэж байжээ. Сүүлийн жилүүдэд Калькутт хотод фитнесс-төв удирдаж байсан юм гэж британийн телевизийн ВВС суваг мэдээлсэн байна.

Манохар Айч 150 сантиметр өндөр ч,цээжний тойрог нь 140 гаруй сантиметр, бүсэлхийгээрээ 58 сантиметр байжээ. Тамирчин 1912 оны гуравдугаар сарын 17-нд Дхамти тосгонд төрсөн бөгөөд уг тосгон өнөөдөр Бангладеш улсынх юм.

Шумуулаар тархдаг хумхаа өвчин туссанаас хойш, бие нь ихэд муудсаны дараа 12 настайгаасаа бодбилдингээр хичээллэх болжээ. Тийнхүү дасгал сургуулилтын хүчинд хуучин байдалдаа эргэн орсон байна. Удалгүй тэр нутгийн “Эрч хүч, ид шид” шоунд оролцох болж, энэ үеэр нарийн ган төмөр, сэлэм, жад нугалж тахийлгадаг байжээ.

1942 онд тэр хатан хааны агаарын цэргийн хүчинд татагдсан байна. Энд бас лдасгал сургуулилтыг илүү идэвхитэй хийж эхлэжээ. Харин энэ ирээдүйтэй залуу британийн колоничлолын ноёрхолын эсрэг тэмцэлд оролцсоны учир хоёр жилийн дараа шоронгийн хаалга татсан байна. Хоригдож байхдаа Айчямар ч хэрэгсэлгүйгээр өдөрт спортоор 12 цаг хичээллэж байжээ. Энэ нь шоронгийн удирдлагад маш их таалагдсан учир жин нэмэх тусгай дэг сахихыг түүнд зөвшөөрчээ.

1950 онд Манохар Айч “Мистер Геркулес” тэмцээн, хоёр жилийн дараа Лондонд “Дэлхийн мистер” тэмцээнд түрүүлжээ. Түүнээс хойш насан өөд болтлоо тэр эх орондоо төдийгүй, дэлхийд спортын нэр цуутай хүмүүсийн нэг байжээ.

Байнгын дасгал сургуулилт, чиглэсэн нэг зорилго нь миний амжилтын нууц юм гэж бодибилдингч хэлдэг байсан байна.

“Би хэзээ ч сэтгэл санаагаар унаж байгаагүй. Ийм өөдрөг бодол санааныхаа хүчинд урт бөгөөд сонирхолтой амьдралыг туулж байна” гэж 100 дахь төрсөн өдрийнхөө өмнөхөн тэр хэлж байжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Манохар Айчгэр бүлийнхнийхээ дунд өнгөрүүлж, нэг хамаатандаа фитнес-төв ажиллуулахад нь туслаж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ