Японоос оруулж ирэх автомашины гаалийн татвар тэг боллоо

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр болсон билээ. Гаалийн татварын 5 хувийг хөнгөлөх буюу тэглэх барааны дотор 0-3 жилийн насжилттай автомашин багтжээ. Энэхүү хэлэлцээрт тусгаснаар 4501 см3-ээс доош хөдөлгүүрийн багтаамжтай, гарал үүслийн гэрчилгээтэй, 0-3 жилийн насжилттай автомашиныг гаалийн татвараас чөлөөлөх боломжтой. Түүнчлэн 5-9 жилийн насжилттай автомашины хувьд тодорхой хугацаанд буурч байгаад мөн чөлөөлөгдөнө. Харин 10-аас дээш настай бол гаалийн татварт өөрчлөлт орохгүй зэргээр зохицуулалт хийжээ.

Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль /2008 онд батлагдсан/ болон "Импортын барааны гарал үүслийн дүрэм" /Засгийн газраас 2016 онд 101-р тогтоолоор баталсан/, мөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэсэн эрх зүйн актуудаар зохицуулан гурван төрлийн тарифыг энэ сарын 07-ноос буюу өнөөдрөөс мөрдөж эхэлж байна. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа юм.

1/ Хөнгөлөлттэй тариф: Одоогоор МУ, Япон улс хоорондын байгуулсан Эдийн засгийн түншлэлийн дагуу Япон улсаас гарал үүсэлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Хэлэлцээрийн дагуу гаалийн тарифыг "тэг" болгох, эсхүл "бууруулах"-аар тохирсон хувь хэмжээ.

2/ Нэн тааламжтай тариф: Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд, мөн Беларус улсын гарал үүсэлтэй, тэдгээр улсын гарал үүслийн гэрчилгээтэй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолоор баталсан хувь хэмжээ.

3/ Ердийн тариф: Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад ороогүй улсын гарал үүслэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Нэн тааламжтай тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн хувь хэмжээ.

Энэ бол зөвхөн Гаалийн тарифын тухай асуудал бөгөөд автомашин оруулж ирэхэд төлдөг бусад татвараас хөнгөлөгдөхгүй болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ