Гарал үүслийн гэрчилгээг тойрсон асуудал
Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр болсон билээ. Гаалийн татварын 5 хувийг хөнгөлөх буюу тэглэх барааны дотор 0-3 жилийн насжилттай автомашин багтаж байгаа. Харин саяхнаас уг татварыг тэглэх бус нугалж төлдөг болох нь гэсэн мэдээлэл цахим орчинд гарч эхэлжээ.
Тодруулбал, "тус хэлэлцээрийн хүрээнд Гааль, татварын ерөнхий газраас журам боловсруулж, уг журамдаа гарал үүслийн гэрчилгээгүй автомашины гаалийн татварыг нугалж 10 хувиар төлүүлэх тухай тусгасан. Энэхүү журмаа энэ сарын 07-ны өдрөөс мөрдөх гэж байна" гэсэн мэдээлэл гарлаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүүгээс баячууд шинэ машинаа гаалийн татваргүйгээр оруулж, борчууд нь илүү татвар төлөх нь гэсэн бухимдал бий болсон юм. Үүнийг дагаад япон автомашины үнэ өсөх тухай ч яригдаж эхэлж байна.
Тэгэхээр асуудлын гол учир нь "гарал үүслийн гэрчилгээ" болж байгаа юм. Урьд нь энэ төрлийн гэрчилгээ шаардлагагүй байсан бол хэлэлцээр хэрэгжихээс эхлээд энэхүү баримт бичиг нь бас нэгэн шалгуур үзүүлэлт болон орж ирж байгаа юм байна. Энэхүү шаардлага нь дэлхийн зах зээлийн хүрээнд зайлшгүй урган гарч ирсэн асуудал хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.
Түүнээс биш дээр дурдсанчлан ГТЕГ-аас боловсруулсан журам гэж огт байхгүй юм байна. Тэгээд ч тус байгууллага бол төрийн хэрэгжүүлэгч агентлаг. Харин Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль /2008 онд батлагдсан/ болон "Импортын барааны гарал үүслийн дүрэм" /Засгийн газраас 2016 онд 101-р тогтоолоор баталсан/, мөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэсэн эрх зүйн актуудаар зохицуулан гурван төрлийн тарифыг энэ сарын 07-ноос мөрдөхөөр болжээ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа.
1/ Хөнгөлөлттэй тариф: Одоогоор МУ, Япон улс хоорондын байгуулсан Эдийн засгийн түншлэлийн дагуу Япон улсаас гарал үүсэлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Хэлэлцээрийн дагуу гаалийн тарифыг "тэг" болгох, эсхүл "бууруулах"-аар тохирсон хувь хэмжээ.
2/ Нэн тааламжтай тариф: Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд, мөн Беларус улсын гарал үүсэлтэй, тэдгээр улсын гарал үүслийн гэрчилгээтэй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолоор баталсан хувь хэмжээ.
3/ Ердийн тариф: Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад ороогүй улсын гарал үүслэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд хэрэглэнэ. Хувь хэмжээ-Нэн тааламжтай тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн хувь хэмжээ.
Гарал үүслийн гэрчилгээний эх хувийг заавал авчрах ёстой гэсэн асуудлын тухайд Хөнгөлөлттэй тарифт хамаарагдах яг Японоос ирж байгаа бараануудад нэг янзын гэрчилгээ олгогдох юм байна. Мөн нэн тааламжтай тарифын барааны гэрчилгээгээ авчраагүй бол 45 хоногийн дотор Гаалийн байгууллагад авчирч бүртгүүлэх боломжтой.
Энэхүү хэлэлцээрт тусгаснаар 4501 см3-ээс доош хөдөлгүүрийн багтаамжтай, гарал үүслийн гэрчилгээтэй, 0-3 жилийн насжилттай автомашиныг гаалийн татвараас чөлөөлөх боломжтой. Түүнчлэн 5-9 жилийн насжилттай автомашины хувьд тодорхой хугацаанд буурч байгаад мөн чөлөөлөгдөнө. Харин 10-аас дээш настай бол гаалийн татварт өөрчлөлт орохгүй зэргээр зохицуулалт хийжээ.
Энэ бол зөвхөн Гаалийн тарифын тухай асуудал бөгөөд автомашин оруулж ирэхэд үүнээс гадна НӨАТ-ын татвар, онцгой албан татварыг мөн төлдөг. Энэ хоёр татварт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ