Бондын мөнгөөр наадамладаг “баян” монголчууд

“Чингэс” бондоос 400 сая ам.доллар л үлдсэн гэнэ үү. Яг юунд, хэзээ, хэрхэн зарцуулсан болоод бондын мөнгөний 70 хувийг үгүй хийчих вэ. Ер нь энэ “бонд” гэдэг дуусдаггүй юм шиг их мөнгө чухам яг ямар учиртайг монголчууд мэдэх болов уу.

Тэгвэл бондыг эдийн засгийн шинжлэх ухаанд “Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл өрийн бичиг юм байна.

Тэгэхээр Монгол Улс их эзэн хааныхаа алдраар нэрийдсэн их мөнгийг зүгээр тэнгэрээс шүүрээд юм уу, эсвэл их баялгаа зараад олчихсон биш болж таарлаа. Одоо бид 1.5 тэрбум ам.долларын нэрлэсэн, дээрээс нь хүүг нь нэмбэл 15 жилийн дараа хоёр тэрбум 112 сая ам.долларын өр төлсөн байх учиртай юм билээ.

Тэгсэн одоо 1.5 тэрбум ам.доллараас 1.1 тэрбумыг нь хааш нь ч юм үгүй хийгээд 400-хан саятай үлдсэн байна. Бондын зарцуулалтын талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ төмөр зам, аж үйлдвэрийн парк зэрэг нэг долларыг хоёр болгох чухал ажлуудад зориулна гэж байсан. Яг, юунд, хэчнээнээр нь зарцуулж, мар үр дүнд хүрэх талаар огт дурдаагүй.

Гэхдээ хэлснээр нь “Чингэс” бондыг арифметик прогрессоор үржүүлэх ажилд л зарцуулсан байгаасай. Гэхдээ шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхэд төлөвлөж байсан хэмжээний мөнгийг эндээс гаргаагүй. Яагаад гэвэл “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 267 км төмөр зам барихаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлжээ. Таван толгой-Гашуун сухайт чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” БНСУ-ын “Samsung C&T” компанитай гэрээ байгуулсан. Тэгээд энэ ажлын зардлын дийлэнхийг Солонгосын тал гаргахаар болсон. Учир нь Монгол Улс ердөө 200 сая ам.доллар гаргасан нь аманд үгүй, хамарт ч үгүй дууссан гэнэ.

Харин тэр аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад ганц ч төгрөг төсөвлөөгүй, зарцуулаа ч үгүй. Уг нь бондын мөнгийг зарцуулах тал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж өгсөн. Зөвлөмжид мөнгөний гуравны нэгийг халамжийн салбарт шингээхгүй зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна гэж заажээ.

Энэ дагуу анх төлөвлөснөөс нь харвал Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцын төсөлд 50 сая, “Гудамж” төсөл буюу гэр хорооллын дахин төлөвлөлт, хурдны зам зэрэгт 200 сая ам.доллар, зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөлд 570 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой. Энэ ажлууд ч эхэлсэн. Гэхдээ ажил дөнгөж эхэлж байхад 1.1 тэрбум ам.доллар үрэн таран хийсэн нь хачирхмаар асуудал.

Хамгийн гол нь энэ жилийн наадамд зориулж “Чингэс” бондоос үлдсэн 400 сая ам.доллараас 50 тэрбум төгрөг гаргах тухай шуугиж эхэллээ. Эрийн гурван наадам сайхаан. Монголчууд наадмаараа л жинхэнэ баярлаж, цэнгэж чаддаг ард түмэн.

Гэхдээ өрөнд орон байж баярлах нь арай л дэндсэн явдал байх. Мэдээж улсын баярт мөнгө төсөвлөх ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэнгээ гадаадын стадионууд шиг болгож, Хүй долоон худагт морин уралдааны төв байгуулаад, сурын талбайг жинхэнэ спортын талбар болгочихвол хэлэх үг алга. Өрийг нь төлөлцье гэхсэн. Гэвч 50 тэрбум төгрөг ийм ажлуудад лав зарцуулагдахгүй нь тодорхой.

Дарга нар жинхнээсээ хийе, бүтээе гэсэн бол урь ороход л ажлаа эхлүүлж болох байсан ч наадам хаяанд дөхсөн хойно ийм юм ярих нь утгагүй. Үнэндээ 50 тэрбум, эсвэл 50 сая төгрөгөөр баярласан ч ялгаагүй. Халуунд шарагдаж, “Цэнгэлдэх”-ийн хашааны гадна шороотой хутгалдан, хуушууранд дугаарлаж, Хүй долоон худгийн барианы зайд бие засах ч газар олдохгүй, урд толгой дээр тоосонд булуулан дуран барьж суудаг маань хэвээрээ л байх вий.

“Чингэс” бондын мөнгөөр наадамлавал бид жинхэнэ баячууд болж таарна. Олон улсад өр тавьж мөнгө босгоод, тэр мөнгөөрөө цөмөөрөө наадах нь өөр ямар хүний шинж гэж. Эсвэл шал тэнэг байж гэмээнэ ийм үйлдэл хийх байх.

Саяхан Ерөнхий сайд асан Д.Содном “Засгийн газар дэд бүтэц гэж яриад байгаа. Үүнээс Тавантолгойд цахилгаан станц барих асуудлыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл түүгээр дамжиж томоохон үйлдвэрүүдийн цахилгааны хэрэгцээ шийдэгдэх учир үр ашгийн өсөлтөд шууд нөлөөлнө. Мөн Тавантолгойгоос Гашуун Сухайт хүртэл тавих төмөр замд өгч байгаа нь зөв.

Харин аймгууд руу тавьж байгаа авто зам, хотын түгжрэлд “Чингэс” бондыг зарж байгааг таатай хүлээж авахгүй байгаа. Яагаад гэвэл энэ замуудаас “Чингэс” бондын зээлийн эх үүсвэр гарч ирэхгүй. Тойруу утгаараа нөлөө гарах нь гарна. Гэхдээ эх үүсвэр нь гарахгүй. Би л мэддэг байсан бол Тавантолгойн нүүрсний баруун Цанхийг олборлох төсөлд зарцуулчихмаар санагддаг. Мөн зэс, цементийн гээд олон үйлдвэр байна шүү дээ. Ингэвэл дороо үр ашиг нь гараад ирнэ.

Ер нь бол хэдэн жилийн дараа бондынхоо мөнгийг зарчихсан, буцаагаад төлөх эх үүсвэргүй суух вий дээ. Дааж давахгүй өрийн дарамтад орчих вий гэдэгт л санаа зовж байна” гэж ярихыг сонслоо.

Болдогсон бол тоо бодож чаддаг, арай алсын хараатай, Монголыг гэх сэтгэлтэй хэн ч байсан хамаагүй бондын мөнгөний зарцуулах эрхийг өгөх юмсан.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ