"Уурхайчдын спортын их наадам-2016"-ын Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
“Уурхайчдын спортын их наадам”-ын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2016 оны тавдугаар сарын 28-29-ны өдрүүдэд "Алдар" спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү спортын их наадмыг “Эрдэс баялаг Уул уурхайн Бирж” ТББ, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 18 байгууллагын эмэгтэй 9, эрэгтэй 16 баг өрсөлдөж аваргаа тодруулсан юм.
“Уурхайчдын спортын их наадам-2016”-ын бусад төрөл болох шатар, теннис, воллейболын тэмцээн ирэх намар зохион байгуулах юм байна. Энэ удаагийн спортын наадамд Таван толгой хувьцаат компанийн баг тамирчид өрсөлдөгчөөр оролцохоос гадна ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм.
"Таван толгой" ХК-ийн Хүний нөөцийн албаны дарга Г.Лхагва “Энэхүү спортын наадам нь дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн сагсны тэмцээн шударга, өрсөлдөөнтэй, ямар нэгэн асуудалгүй маш амжилттай болж өндөрлөлөө. Оролцсон бүх баг, тамирчиддаа талархал илэрхийлье. Харин бусад гурван төрөл болох шатар, теннис, гар бөмбөгийн тэмцээнийг ирэх 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ивээн тэтгэж оролцсон манай Таван толгой ХК-ийн тухайд, тасралтгүй 50 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин их түүхтэй компани юм. Энэ жил манай байгууллагын 50 жилийн ой тохиож байгаа тул энэ дашрамд, хамт олондоо баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.” гэлээ.
Уурхайчдын спортын их наадам нь уурхайчдыг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, уурхайчдын нийгмийн идэвхийг өрнүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уурхайчдын бат холбоог бэхжүүлэн харилцан туршлага солилцох зорилготой юм байна.
Тэмцээний дүн:
Эрэгтэй баг:
1-р байр- Дарханы төмөрлөг
2-р байр- Эрдэнэт үйлдвэр
3-р байр- Монголын уул уурхайн залуучуудын холбоо
Эмэгтэй баг:
1-р байр- Эрдэнэт үйлдвэр
2-р байр- Уул уурхайн яам
3-р байр- Алтайн хүдэр компани тус тус эзэлжээ.
Харин шилдэг эмэгтэй тоглогчоор Уул уурхайн яамны тамирчин н.Болортуяа, шилдэг эрэгтэй тоглогчоор Монголын уул уурхайн залуучуудын холбооны тамирчин н. Амарболд нар шалгарлаа.
Тус тэмцээнийг 2012 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол зохион байгуулах болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ