Үндэсний лигийн плей-оффын II тойргийн тулаан эхэллээ

МҮСБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг-2016” тэмцээний плей-оффын хоёрдугаар тойргийн тулаан өчигдөр эхэллээ.

Тэргүүн хэсэг

Сүхбаатар-Эрдэнэт 1:0

“Үндэсний лиг-2016” тэмцээний тэргүүн хэсэгт өнгөрсөн жилийн “Үндэсний цом 2015”-ын шигшээ наймд үлдсэн баг өрсөлдөж буй. Эл хэсгийг таван хожил хоёр хожигдолтой өнгөлж хасагдах шатанд нэгдүгээр байраар шалгарсан Сүхбаатарын баг хагас шигшээд “Үндэсний цом 2015”-ын мөнгөн медалийн эзэд болох Эрдэнэтийн шигшээтэй учраа таарлаа. Эрдэнэтчүүдийн плей-оффын эхний даваанд Төв аймгийн буулган авсан бол Сүхбаатар хэсгийн тоглолтуудыг хожлоороо тэргүүлсэн учир лигийн дүрмийн дагуу нэгдүгээр тойргийг өнжсөн юм. Тоглолтын эхнээс Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн Сүхбаатарын шигшээ сайн тоглолт үзүүлж байлаа. Улмаар тэд эхний хагаст 19 оноогоор тасарсан юм. Гэхдээ хүчирхэг төвийн тоглогч болох М.Дорждагва, О.Очирбат нараар удирдуулсан Эрдэнэтийн залуус гуравдугаар үед сэргэлтийг авч тооны зөрүүг арилгаж чадлаа. Улмаар шийдвэрлэх сүүлчийн үе тэнцүүхэн өрнөсөн ч тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Б.Батзолбоо гайхалтай хожлын шидэлт хийснээр сүхбаатарчууд өрсөлдөгчөө 76:75-аар буулган авч цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Э.Дөлгөөн 22 оноо, 16 самбар, Б.Батзолбоо 14 оноо, Эрдэнэдалай 10 оноо, 10 самбар тус тус авчээ. Харин Эрдэнэтээс О.Очибат 19 оноо, 10 самбар, М.Дорждагва 17 оноо, 11 самбар авсан юм.

Архангай-Увс 0:1

Плей-оффт хоёрдугаар байраар шалгарсан Архангай хагас шигшээд Увс аймгийн багтай учраа таарав. Увсын залуус плей-оффын өмнөх даваанд “Үндэсний цом 2015”-ын аварга Дархан-Уул аймгийн хүчирхэг багийг буулган аваад байсан юм. П.Болортулгаар ахлуулсан Увс аймгийн шигшээ тоглолтын эхнээс тэргүүлсэн бөгөөд Болдбаатар түүнд маш сайн тусалж ээлжит гайхалтай тоглолтоо үзүүллээ. Үндэсний супер лигийн шилдэг мэргэн буучид болох Г.Баттөр, Э.Цэвэлдорж нараар ахлуулсан архангайчууд тэдний эсрэг дорвитой зүйл хийж чадсангүй. Увсын багаас П.Болортулга, Болдбаатар нар багийнхаа гол довтолгоог хийж байсан юм. Мөн Анар-Эрдэнийн хурдтай довтолгоо, Баяртулгын будагтай талбайн тулаан багаа хожилд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Ийнхүү Увсын залуус өрсөлдөгчөө 88:77-гоор буулган авлаа. Болортулга, Болдбаатар нар хамтдаа 52 оноо авсан юм. Баяртулга 18 оноо авчээ. Харин Архангайгаас Г.Баттөр 23 оноо, Э.Цэвэлдорж 13 оноо тус тус авав. Хоёр багийн дараагийн тоглолт өнөөдөр17:30 цагаас болно.

Дэд хэсэг

Сэлэнгэ-Ховд 0:1

“Үндэсний цом 2015” тэмцээнд хэсгээс шалгарч чадаагүй багууд “Үндэсний лиг 2016”-д дэд хэсэгт өрсөлдөж буй. Батбямба, Улаанхүү нараар ахлуулсан Сэлэнгэ аймгийн шигшээ плей-оффт нэгдүгээр байраар шалгарсан юм. Тэд плей-оффын хагас шигшээд өмнөх даваанд Өвөрхангайг буулган авсан Ховдын хүчирхэг багтай оноолт таарчээ. Цувралын эхний тоглолтод өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгчид болох Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нараар удирдуулсан ховдчууд Сэлэнгэ аймгийн шигшээ багт ямар ч боломж олгосонгүй. Тэд тоглолтын эхнээс тэргүүлсээр өрсөлдөгчөө 107:89-өөр буулган авч цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Д.Мөнхтүвшин 25 оноо, Энхбаатар 20 оноо, 10 самбар, А.Бямбадорж 15 оноо тус тус авав. Харин Сэлэнгэ аймгийн багаас Улаанхүү 25, Батбямба 23 оноо авчээ.

Баянхонгор-Хэнтий 0:1

Дэд хэсгээс плей-оффт хоёрдугаар байраар гарсан Баянхонгор хагас шигшээд шилдэг холбогчдын нэг О.Сэргэлэнээрахлуулсан Хэнтийн аймгийн хүчирхэг залуу багтай учраа таарлаа. Хэнтийчүүдийн эхний даваанд Завхан аймгийн 2-0-ээр буулган авсан юм. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн юм. Гэхдээ гуравдугаар үеэс Хэнтий аймгийн баг тэргүүлж эхэлсэн бөгөөд тэд давамгайллаа тоглолтын төгсгөл хүртэл хадгалж чадлаа. Ийнхүү Хэнтийн өрсөлдөгчөө 94:83-аар буулган авч цувралыг 1:0 болгосон юм. Тус тоглолтод Хэнтийгээс ОУХМ О.Сэргэлэн 24 оноо авч багаа тэргүүлэв. Түүнд Эрдэнэцогт 22, Отгонжаргал 15 оноо, 13 самбар авчээ. Харин Баянхонгороос Ганзориг 16 оноо, Баасандорж, Нэмэхбаяр нар тус тус 14 оноо авав.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ