Шилэн дансны хуулийг 96,4 хувиар биелүүлжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 26-нд болж, хуралдаанаар нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудад хийсэнШилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны үзлэг шалгалтын тайланг танилцууллаа.

Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Ш.Нацагдорж энэ асуудлыг хуралдаанд танилцуулж, нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 96,4 хувиар биелүүлсэн дүнтэй гарсан гэсэн мэдээллийг өглөө.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг Нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэлийн харъяа 75 байгууллага, дүүргийн Дотоод аудитын алба нь нийт 442 байгууллагад үзлэг шалгалт хийсэн байна. Үзлэг шалгалтын явцаднийслэлийн харьяа зарим байгууллагууд өмнөх онытөсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийн урамшуулалд зарцуулсан байгууллагын тайлан, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ, тендер, дараа жилийн төсвийн төслийг оруулаагүй гэх мэт нийтлэг алдаа зөрчлүүд илэрсэн гэдгийг хэллээ. Гэхдээ энэ нь Сангийн яамнаас шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчилсэн, шинэ тутам хэрэгжиж байгаа хууль, журам учраас ойлголтын зөрүү үүссэн, эрх зүйн актыг буруу ташаа ойлгох гэх мэт санаатай бус алдаа дутагдалаас үүдэлтэй гэж дүгнэж байгаагаа хэллээ.

Нийслэлийн удирдлагууд энэхүү тайланг сонсоод,тайлангаас харахад нийслэлШилэн дансны тухай хуулийг манлайлан хэрэгжүүлдэг нь харагдаж байна. Татвар төлөгчид, иргэдийн мөнгийг хэн, хэрхэн, юунд зарцуулсныг нь тодорхой харуулж мэдээллэдэг байх зорилгоор Шилэн дансны тухай хууль батлагдан гарсан. Гэвч шилэн дансны мэдээллийг иргэд тэр бүр сонирхож хараад байдаггүй нь анзаарагддаг. Тиймээс шилэн дансны мэдээллийг иргэдэд энгийн ойлгожтойгоор байршуулах, харах өөр боломжуудыг судлаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн хэмжээнд шилэн данс хөтөлдөггүй нэг ч байгууллага байхгүй байгаа нь маш том дэвшил юм. Цаашид энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд хуулийг зөрчсөн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцдог байх ёстой гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэлийн харъяа газрын удирдах албан тушаалтнуудад Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг бүрэн байршуулж ажиллах, 2015 оны шилэн дансны мэдээллийг дутуу оруулсан байгууллагуудад Нийслэлийн Дотоод Аудитын албанаас албан тоот хүргүүлж, ойрын хугацаанд мэдээллийг нөхөн оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ