Монголын газрын тосны нөөцөд хятадууд эзэн суужээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад, дотоодын 14 компани Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тос олборлох, хайх ажил хийж байна. Эдгээр компани нийт 18 талбайд гэрээ байгуулжээ. Газрын тосны бүтээгдэхүүнээр хойд хөршөөс хараат байдаг манай улс нефтийн үлэмж нөөцтэй гэдгийг олон улсад зарлаж, энэ чиглэлээр хийх ажил нэмэгдсэн нь эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой.

Гэтэл уул уурхайн бусад салбарт бий болсон гадаадынхны туйлшрал газрын тосны нөөцүүдэд ч халдварласан байх юм. Тодруулбал Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын 67 хувь буюу 10 нь гадаадынх, үлдсэн дөрөв нь л Монголынх.

Бас гадныхан дундаа хятадуудын эзэмшдэг талбай, лицензийн тоо бусдаас олон. Хамгийн гол нь Тосон-Уул, Тамсагийн сав газрын томоохон блокуудын эрхийг Хятадын компаниуд дамлах байдлаар худалдан авсан байна.

Тухайлбал Тосон-Уул ХIХ талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээг анх 1993 онд АНУ-ын “Medallion Oil Mongolia” компанитай байгуулсан. Тухайн үед энэ компани Монголд тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж манайхныг хөөргөж байж. Гэтэл 2005 онд америкчууд гэрээний эрх, үүргээ Хятадын “ПетроЧайна дачин Ойл фийлд” компанид худалдсан. Мэдээж хэрүүл маргаан дэгдэж, лиценз дамласан тухай шуугисан ч эрх баригчдын хүрээнд энэ дуулиан газар аваагүй, замхарсан.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тайлангаас харахад Тосон-Уулын баталгаат нөөц 119 сая тонн. Энэ нь цаашид өсөн нэмэгдэх хэмжээ. Харин “ПетроЧайна”-гийн мэдэлд байгаа XIX талбай хамгийн их нөөцтэй хэсэг нь. Үүнээс гадна энд 2.5 тэрбум шоо метр шатдаг хийн нөөц байгааг тогтоосон.

Өнгөрсөн онд хятадууд эндээс хоёр сая орчим баррель тос олборлож, экспортолсон. Эндээс улсын төсөвт багагүй мөнгө хуримтлуулсан ч мэргэжлийн хяналтынхны шалгалтаар түүхий тос ачих, буулгах, тээвэрлэх үеэр 13 мянган тонн нефть дутаасныг илрүүлсэн.

“ПетроЧайна”-гийн дамлан авсан гэрээ, лиценз үүгээр дуусахгүй. Засгийн газар 1996 онд Австралийн “Комманд Петролиум”, АНУ-ын “Соко” компаниудтай Тамсаг XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Зорилго нь мөн л түлш, шатахууны хараат байдлаас гарах мөрөөдөлтэй холбоотой.

Гэтэл 2005 онд эдгээр компанийн эрх, гэрээг “ПетроЧайна” хэдийнэ авсан байж. Тосон-Уулыг авсны дараахан гарсан энэ үйл явдлаар улстөрчид хэсэг шоудсан ч тэр үед Тавантолгой, Оюутолгойн яриа гарч эхэлсэн учраас тэгсхийгээд намдсан.

Одоо Тамсаг, Тосон-Уулын нөөцийн ихэнх хэсэг Хятадын төрийн өмчит “ПетроЧайна дачин Ойл фийлд” компанийн мэдэлд шилжсэн. Тэр ч бүү хэл тус компани Хятад руу шууд хүрэх дамжуулах хоолой байгуулаад, тун удахгүй дуусах гэж байна.

Ер нь Дорнодын талын нефтийн нөөцөд ганц “ПетроЧайна” ч биш “Шейман ресорсиз лимитэд”, “Доншен”, “Чайна Голден сий Петролиум”, “Зон хэн юу тиан Лимитэд”, “Эн Пи Ай”, “Сентрал Эзиан Петролиум корпорейшн Лимитэд” зэрэг компани Баянтүмэн, Богд, Онги, Хөх нуур, Нялга, Галба, Тариач, Матадад нефть хайх, олборлох ажил хийж байна.

Хятадууд зүгээр нэг тос хайж, олборлодог бол яах вэ. Гэвч “ПетроЧайна” нөхөн сэргээлт хийдэггүй, автозам тавиагүй, талын хөрсийг эргүүлсэн, тэр ч бүү хэл хүнцэл хор хэрэглэдэг гэх гомдол, хэрүүл тасардаггүй.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг төлжээ. Гэтэл цаана нь дөрвөн тэрбум төгрөгийн татварын өр байдаг ч үүнийг нэхдэг байцаагч түшмэл байдаггүй гэх юм билээ.

Энэ компанийн Матадаас зөөж буй газрын тос зөвхөн тэр хавийн байгалийг сүйтгээд зогсдоггүй Эрдэнэцагаан сумыг ч түйвээж, малчид дүрвэж нүүхээс өөр аргагүй болсон байна.Мэргэжлийн хяналтынхны хэлснээр өдөрт тус бүр нь 60-100 тонн тос багтдаг хүнд даацын 60 гаруй машин явдаг байна.

Засгийн газраас 2005 онд Тамсагаас Бичигтийн боомт хүртэл авто зам их үүргийг энэ компанид өгсөн. Харин 2011 онд ашиглалтад оруулах ёстой байсан замын ажлыг өнөөдрийг хүртэлэхлүүлээгүй. Тамсагийн сав газартай залгаа Хятадын Хөлөнбуйр аймгийн Баргын талаас дээрх компани мөн л газрын тос олборлодог. Түүнийгээ машинаар бус хоолойгоор боловсруулах үйлдвэр рүүгээ зөөдөг аж. Одоо үйлдвэр хүрэх хоолой тавихаар ажиллаж буй хятадууд хэдэн мянган тонн тос зувчуулахыг манайхан мэдэхгүй өнгөрөх магадлал бүр их болсон.

Эрх баригчид ухаан ортол Монголын нефть Хятад руу урсдаг болох нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ