Төсөвт тусгагдаагүй бол санхүүжилт авах боломжгүй гэв
Гудамж төслийн хүрээнд ажил гүйцэтгэсэн 97 Аж ахуйн нэгжээс 22 компани нь ажлын гүйцэтгэл болох 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадахгүй байгаагаас дампуурлын ирмэгт ирлээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсны мэдэгдэл хийлээ.
Гудамж төслийн хүрээнд нийт 35 уулзвар, 34.5 км авто зам бүрэн шинэчлэгдэж энэхүү төслүүдийг хэрэгжүүлэхээр дотоодын 97 гүйцэтгэгч компани ажилласан ба Монгол Улсын Хөгжлийн банкнаас 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. МУ-ын Засгийн газрын 2013 оны 46, 81 дүгээр тогтоолуудаас тус төслийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр МУ-ын ХБ-аар дамжуулан санхүүжүүлэхээр баталсан. 2013-2015 онд Гудамж төслийн хүрээнд хэрэгжих автозам, уулзварын барилгын ажил тус бүр дээр санхүүжүүлэгч болох МУ-ын ХБ, захиалагч болох Гудамж төсөл ба гүйцэтгэгч компаниуд гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь ажлын гүйцэтгэлээ захиалагчаар хянуулсны үндсэн дээр санхүүжилтээ шууд авдаг байсан.
Гэтэл 2015 оноос эхлэн МУ-ын ХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухайн онд санхүүжих дүнг жил бүрийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг болсон билээ. Ингэснээр гүйцэтгэгч компани нь хэдийгээр ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн ч тухайн оны Төсвийн тухай хуульд санхүүжилт нь тусгагдаагүй бол санхүүжилтээ авах боломжгүй болсон.
Дээрх 22 компанийн хувьд ажлаа хийж гүйцэтгэсэн хэдий ч 2015-2016 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүйгээс санхүүжилтээ авах боломжгүй байдалд хүрээд байгаа юм. МУ-ын ХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг төсвийн тухай хуулиар батлах эрх зүйн зохицуулалтаас өмнө буюу 2013-2014 онуудад Гудамж төслийн хүрээнд нийт 30 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн гүйцэтгэлээ захиалагчаар баталгаажуулсан төслүүд санхүүжилтээ бүрэн авсан байдаг хэмээн мэдэгдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ