33.8 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.20.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр тавьсан асуулгадаа, Хуулийн үйлчлэлд хамрагдсан нийт хувь хүн, хуулийн этгээдийн тоо, Ил болсон хөрөнгө, орлогын хэмжээ, Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн эд хөрөнгө, үйл ажиллагаа, Хуулийн хэрэгжилтийн үр дүнд цаашид улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой хөрөнгө, орлогын хэмжээ, Нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр өгөөж, ач холбогдол зэрэг асуудлыг хөндсөн байна.
Гишүүний асуулгад Сангийн сайд Б.Болор хариулт өгсөн юм. Тэрээр хариултдаа, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 33.8 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 7.5 их наяд төгрөгийн татвар болон 2.4 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байна. Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275санхүүгийн тайлан, 67603 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8,396 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 1785 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. (давхардсан тоогоор) Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөө.
Байгууллага бүрээр харуулбал: Сангийн яам:
Нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, 31.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгоод байна. Үүнээс 8.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг бүртгэгдсэн байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 26.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна. Баталгаажуулаагүй тайлангийн хүрээнд гаргасан аливаа татварын тайлан нь хүчин төгөлдөр бус болдог тул баталгаажсан тайлангийн хүрээнд орлогыг бүртгэлээ.
Гааль, татварын ерөнхий газар: /татвар/
Тус хуулийн дагуу чөдөөлөгдөхөөр заасан 5 төрлийн хуулийн дагуу гаргах 14 төрлийн 67,603 тайлангаар 33.3 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 7.46 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 2.24 их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлж байна. Энэ дүнд гаалийн байгууллагад мэдүүлэх онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвар ороогүй болно.
Нийгмийн даатгалын ерөнхий газар:
Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргаснаас 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд байна. Энэхүү бүртгэлийн дагуу нийт 7.7 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлж байна.
Гааль, татварын ерөнхий газар: /гааль/
Нийт 2050 иргэн, аж ахуйн нэгжийн 8396 гаалийн товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 355.0 сая ам.доллар буюу 517.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 79.1 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 167.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар:
Нийт 403.4 тэрбум төрөгийн үнэлгээ бүхий 1785 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна. Түүнчлэн 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 428.5 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил болсон орлого улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 25 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн зүгээс холбогдох судалгааг танилцуулахаар ажиллаж байгаа болно” гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Д.Ганхуяг нар асуулт асууж хариулт авлаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов
Мөн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг эхэлж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар зарчмын зөрүүтэй зарим саналын талаар ажпын хэсгээс тодруулан асууж, зохих хариулт авсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулга авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтын явцад төслийн 9.1 дэх хэсгийг “9.1.Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд эмийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг /цаашид “Эмийн зохицуулалтын байгууллага” гэх/ байна.” гэж өөрчлөн найруулж, 28.3 дахь хэсгийн “Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Эмийн зохицуулалтын байгууллагад” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Д.Сарангэрэл нар болон Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нар тайлбар өглөө. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.2 хувь нь дэмжсэнгүй. Энэ санал дэмжигдээгүй учраас байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгах боломжгүй болсон тул Засгийн газраас бичиг иртэл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар боллоо.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ